Дөрвөд угсаатны өв соёлын анхдугаар наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-06-20 18:50:56

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн 17 суманд алтайн урианхай, захчин, өөлд, торгууд зэрэг 10 гаруй угсаатан аж төрж байгаагаас Дөрвөд угсаатны соёл, уламжлал дахин давтагдашгүй онцлогтой. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн санаачилга, ивээл дор дөрвөд угсаатны өв соёл, ёс уламжлал, зан заншил, язгуур урлагийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилго бүхий “Дөрвөд угсаатны өв соёл”-ын анхдугаар наадмыг зохион байгуулна.

Энэхүү наадмын үйл ажиллагаа 2022 оны наймдугаар сарын 5, 6-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд болно.

Өв соёлоо эрхэмлэн дээдлэгч иргэдийг идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа.

Уг наадмын хамтран зохион байгуулагчаар Ховд аймгийн ЗДТГ, Соёл урлагийн газар, Дөргөн сум, Мянгад сум болон “Гарьд зам” ХХК-ийн захирал, Монгол Улсын Алдарт уяач Нямдаваагийн Батбаяр, "Нутгийн зураг" студи ажиллаж буй.


Ташрам сонирхуулахад,  дөрвөд хувцас нь монголчуудын хувцасны түүхийн түрүү үеийг агуулсаар иржээ. 

Дөрвөдүүд цагаан нэхийгээр оёсон өдөр тутмын дээлээ “дэвэл”, өнгө татаж оёсноо “үч” гэдэг. Эрэгтэйчүүд болон нөхөрт гараагүй охидын өмсдөг зуны дээлийг “лавшиг” хэмээнэ.

Нөхөрт гараагүй нь дан дээл, нөхөрт гарсан нь дээлэн дээрээ ууж буюу цэгдэг өмсдөг. Цэгдэг нь хатуу дэргэр босоо мөртэй, ардаа оноотой байдаг.

Дөрвөдүүд малгайг “махлай” гэх бөгөөд орой нь дөрвөлжин байдаг. Дөрвөн Ойрадын нэг байсан тул түүнийгээ дурсан дөрвөн өнцөгт орой бүхий малгай хэрэглэх болсон аж.

Зундаа эрэгтэйчүүд нь эсгий цагаан тоорцог өмсдөг бол эмэгтэйчүүд нь хөх торгон гадартай дөрөв эсвэл зургаан талт тоорцог өмсөнө. Орой дээрээ улаан цацагтай байх агаад нөхөрт гараагүй бүсгүйчүүдийн гоёл болно.

Өвлийн цагт бүх насны хүмүүс өмсдөг малгай бол “дуулха” бөгөөд малгайн ар шил нь дээлийн зах давсан урт, хар дотортой, цагаан хурганы арьсаар үслэж, хөх ногоон өнгийн эдээр гадарласан байдаг аж.

Дөрвөдүүд дөрвөд гос, харчин гос, монгол гос, канчин хэмээх 4 янзын гутал хэрэглэж иржээ.


Хос тасам эмжээртэй дөрвөд дэвэл:  Дөрвөд эрэгтэйчүүд цагаан нэхий “дэвэл”-ээ өдөр тутам өмсдөг.

Дэвэл нь хэвтээ захтай, зах энгэр өргөн нарийн хос тасам эмжээртэй ажээ. Дэвэлийн захыг тойруулан эмжсэнийг “цалам” хэмээн нэрлэх ба энгэрийн цалам эмжээрт гурвалжин догол “зүрх” гарган оёдгоороо Ойрадын бусад угсаатнаас ялгардаг.

Түүнчлэн дэвэлийн ташаанд үзүүр гаргасан оноотой. Дэвэл, лавшигийг бүслэхдээ даавуун бүснийхээ хоёр үзүүрийг тохой орчим урт унжуулан нугалж хоёр ташаанд хавчуулж бүсэлдэг уламжлалтай. Энэ уламжлал Ойрадуудад нийтлэг дэлгэрчээ.

Дөрвөд эрэгтэйчүүд бусад угсаатны адил баруун талдаа хэт, бэл, хөөргийн даалин, аяганы уут зүүж өдөр тутам ашиглан, гоёдог байжээ.

Өсгий хоншоор нь үл ялгарах госон гутал:  Дөрвөд хувцасны төрөлд “махлай” малгай, “госон” гутал зүй ёсоор багтана.

Түүнчлэн эрэгтэйчүүд нь хэрэмний сүүл хадаж гоёсон эсгий тоорцог, “төгрөг” хэмээх зуны малгай өмсдөг байсан бол өвлийн улиралд эрэгтэй, эмэгтэй, хүүхэд залуус гэж ялгалгүй цөм “дуулха” хэмээх урт шилтэй, улаан өнгийн тав, утсан цацагтай малгай өмсөж байжээ.

Дөрвөд эрэгтэйчүүд “хасаг овууз”, "лоовууз", “халбан”, "тови", "бичлээ", "сээтгэр", "луутай дэржин", "бүрхүүл", "боолгос" зэрэг малгай өмсдөг байсан түүхтэй. Түрий, толгойг нь үргэлжээр эсгэсэн, өргөн ширэн ултай, өсгий хоншоор нь адилхан хэлбэртэй, боомны танаастай гутлыг ойрадууд “дөрвөд госон” хэмээн нэрлэж, өргөн хэрэглэдэг.

Дөрвөд госонг өвлийн улиралд эсгий оймстой өмсдөг аж. Дөрвөд госоны өсгий, хоншоор ижил учраас мөрийг нь хараад хаашаа явсныг мэдэх боломжгүй. Ойрад домогт “дайн дажны үед хаашаа явснаа мэдэгдүүлэхгүйн тулд гутлынхаа хоншоор, өсгийг адилхан хийж дайснаа төөрөгдүүлэн дайжсан түүхтэй” хэмээн өгүүлжээ.

Дөрвөд эмэгтэйн нударгатай дэвэл ба гоёл:  Дөрвөд эхнэрүүд “авгай дэвэл”,  “цэгдэг” хэмээх ууж өмсөнө.  Авгай дэвэл буюу өвөл өмсдөг нэхий, хөдсөн дээл нь өргөн суга, ханцуйтай, нугалсан хэвтээ зах, бүсэлхий хүртэл эгц буусан шулуун энгэртэй. Энгэр нь бүсэлхийнээс баруун тал руу тэгш өнцгөөр эргэн дотор “омог” үүсгэн доош чиглэн гадаад хормойг дагасан байдаг.

Авгай дээлийн ханцуйн үзүүрийг хуньж жижиг нударга залгадаг аж. Дэвэлийн энгэрт 4-5, ташуу энгэр болон суганд тус бүр нэг товчтой шилбэ хаддаг заншилтай. Дэвэлийн хэвтээ захны угаар хуниас гарган том цагаан, давхар зах хаддаг нь ойрад эхнэрийнхтэй ижил юм. Энэ нь Алтай таван богдын ноён оргилыг дүрсэлж, эхийн сүү, ариун сэтгэл, цагаан идээг бэлгэддэг ажээ.

Дулааны улиралд дөрвөд эхнэрүүд ойрад эхнэр шиг авгай тэрлэгийг цэгдэгний хамт өмсдөг байжээ. Өргөн мөр, лав ухсан сугатай, цээж хормой нь залгаастай, хойноо бүсэлхийнээс эхэлсэн тууш оноотой уужтай төстэй өмсгөлийг цэгдэг гэдэг.

Цэгдэгийн энгэр нь товчгүй задгай байдаг. Шинэ бэр хуримын ёслолын үед “халбан (халван)” гэгч ёслолын малгай өмсдөг байжээ. Харин настай авгай нар ёслолд тав, сампин бүхий бөмбөгөр оройтой урт утсан цацагтай, хурганы арьс болон ангийн үнэт үсээр хүрээлсэн “тойруул” өмсдөг байжээ.

Дөрвөд эхнэр үсээ хоёр сүлжиж гэзэгний гэр зүүдэг. Чихний гэдэс орчимд үсний сүлжээнд мөнгөн зоос болон голдоо шүрэн шигтгээтэй мөнгөн тээг оруулж гэрээ тогтоодог. Гэзэгний гэрийг хар өнгийн эдээр дугуйлан хийж, дээд доод хэсгийг нь хоргой торгоор хослуулан эмжээд  үзүүрт нь мөнгөн чимэгтэй хар утсан цацаг бүхий “тохиг” зүүдэг. Мөн эхнэрүүд мөнгөн утсан холбоос бүхий хорол, хэвтээ өлзий хээ, хонхон унжлагатай мөнгөн утсан “сийк” ээмгээр гоёдог байжээ.

Боодогтой сэвгэр:  Дөрвөдүүд нөхөрт гараагүй бүсгүйг “сэвгэр” гэдэг. Тэдний өмсдөг тэрлэгийг “лавшиг” гэнэ. Дөрвөдүүд охид, хөвгүүдээ 17-18 нас хүрэхэд нь гэзэг үс тавьдаг заншилтай байв. Хөвгүүдийн үсний үзүүрт “ширээсэн” буюу “залгаа”, охидын үсэнд “боодог” хэмээх чимэглэл зүүж өгдөг.

“Боодог” нь хар мяндсан утсаар гөрж сүлжээд үзүүрт нь цацаг гаргасан гоёл юм. Залуус хуруундаа мөнгөн бөгж, хүзүүндээ мөнгөн гуу, чихэндээ “төдөг” хэмээх дан мөнгөн гархи зүүнэ.

Сэвгэрүүд дээлийнхээ энгэр, ташаанд “кэтэч”, “сүүвч” хэмээх долоон цацагтай чимэг, өнгө өнгийн утсан хатгамал жижиг хавтага (сав) зүүж гоёдог байсан гэж “Монгол орны лавлах”-д тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ