СЭЛЭНГЭ: Буур хээрийн тал

ӨВ СОЁЛ
otgontsetseg@montsame.mn
2022-07-27 07:58:16

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн  9 гайхамшгийн нэг, аялагчдын очих дуртай, түүхийн дурсгалт газрын нэг бол Буур хээрийн тал юм.  


Монгол Оросыг холбосон засмал замтай Алтанбулаг сумыг судалсан доктор, профессор Х.Шагдар “Хамаг Монголын Тэмүжин хаан эл сумын нутаг дахь Буур хэмээх газарт 1179 онд Мэргидэд булаалгасан Бөртэ Үжингээ буцааж авахаар Тоорил хан, Жамуха нартай хүч хавсран Гурван мэргэдийг бут цохисон” хэмээн дурдсан байдаг.


1206 онд Тэмүжин Их Монгол улсыг байгуулаад Чулуун, Чинбай 2 хөвгүүний хамт өөрт нь их тус хүргэсэн Сорхон Шард эл Мэргэдийн газар нутаг буюу Сэлэнгэ нутгийг өмч болгон өгчээ. Буур хээрийн талд байх Оргидог булгийн дэргэд Монголын нууц товчооны 750 жилийн ойгоор гэрэлт хөшөө босгож "Эрсэн хүнээ олов. Энд сууя" хэмээх Чингис хааны үгийг сийлсэн байдаг.


Энэ мэт Алтанбулаг сумын нутагт Монголын шинэ үеийн түүхтэй холбоотой олон чухал үйл явдал болж байсан түүхтэй. Тухайлбал, энэхүү Буур хээрт 1727 оны 8 дугаар сарын 20-нд Манж-Орос хоёр улсын хооронд хилийн гэрээ байгуулж байжээ. 1921 оны 3 дугаар сарын 18-нд Улаан бургасны хөдөлгөөний газраас Хасбаатарын удирдсан цэрэг Алтанбулаг руу гамингийн эсрэг тулалдахаар хөдөлж байжээ. Түүнчлэн Монгол, Орос, Хятад гурван улсын гэрээг 1918 онд баталж байсан зэрэг үйл хэргүүд болж байжээ.


1921 оны 3 дугаар сарын 18-ны өглөө Алтанбулагийг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн нь Монгол Улсын тусгаар тогтнолын түүхэн гавьяа болж үлдсэн байна. Оросын Хиагт тосгонтой нэг суурин мэт үргэлжлэх Алтанбулаг сум нь Монголын 300 гаруй сум дотроос хамгийн их түүхийг агуулсан, 2 улсын ард түмнийг хамгийн ойр нөхөрлүүлсэн түүхт нутаг юм.


Холбоотой мэдээ