Төмөр замын шинэчилсэн хуулиар тээвэрлэгч олон замыг ашиглах эрхтэй болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-09-29 17:24:11

Улаанбаатар, 2023 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Манай улсад Төмөр замын тээврийн тухай хуулийг шинэчилснээр 2024 оны эхний өдрөөс хэрэгжүүлж эхлэх гэж байна.

Анх 2007 онд баталж байсан уг хуулийг өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд гарсан салбарын өөрчлөлттэй холбоотойгоор шинэчлэх шаардлага үүсжээ. Хуульд дараах өөрчлөлтүүдийг оруулжээ. Үүнд:  

  • Тээвэрлэгч компаниудыг төмөр замын аль ч суурь бүтцээр зорчин явж байх эрхийг олгож байна. Ингэснээр олон тээвэрлэгчтэй болж, өрсөлдөөн бий болно. Одоо нэг компани өөрийнхөө суурь бүтэц, өөрийнхөө төмөр замаар тээврээ хийгээд явж буй байдлыг халж байна.
  • Төмөр замын тээвэрлэгчийн эрх үүргийг нэмэгдүүлж байна. Тээвэрлэгч нь өөрийн гэсэн хөдлөх бүрэлдэхүүнтэй байх. Байхгүй нөхцөлд зүтгүүрээр үйлчлүүлэх гэрээ байгуулахаар зохицуулж байна.
  • Төмөр замын суурь бүтцийг тавьж барихаас эхлээд ашиглалтад оруулах хүртэлх, төмөр замын норм, нормативын санг бий болгох,
  • Төмөр зам эзэмшигч нь суурь бүтцээ хариуцан үндсэн үйл ажиллагаагаа авч явах бол тээвэрлэгч нь нэг биш, хэд хэдэн төмөр замын суурь бүтцийг дамжин ачаа тээвэрлэж байхаар зохицуулж, энд мөрдөх норм, дүрэм, стандартыг шинэчилсэн хуулиар 24 дүрэм, нормтой байхаар тодорхой болгож байна.
  • Олон тээвэрлэгчтэй болсноор өрсөлдөөнийг бий болгож, ингэснээр үнэ хямдрах тарифын уян хатан бодлого барих, төмөр замын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх боломжтой болох зэргээр өмнө нь хэрэгжүүлж, зохицуулж байгаа зүйл заалтуудыг шинээр тусгажээ.



Манай улсын төмөр зам босоо тэнхлэгийн 1111 км байсан бол өнгөрсөн жил 800 км төмөр замыг шинээр тавьжээ. Монгол Улсын төмөр замын бүтэц 3 мянга гаруй км байхаар тооцоо гарч буйг УБТЗ ХНН-ээс мэдээллээ.


Үүнтэй холбоотойгоор төмөр замд ажиллах боловсон хүчний эрэлт, хэрэгцээ нэмэгдэж байна. Тэр хэрээр ачаа тээвэрлэлт нэмэгдэж, вагон болон зүтгүүрийн тоо өсөж байгаа аж. Төмөр замын тухай шинэчилсэн хуулийг мөрдөн хэрэгжүүлж эхэлснээр төмөр замаар хийх экспорт, импорт, транзит тээврийн хэмжээ нэмэгдэж, төмөр замын салбар хөгжих, илүү өргөжих, улмаар эдийн засагт үзүүлэх үр нөлөө нэмэгдэнэ хэмээн салбарын мэргэжилтнүүд үзэж байна.


Шинэчилсэн хуульд мөн төмөр замын салбарт ажиллагсдын нийгмийн баталгааг оруулж өгсөн байна. Төмөр замын салбарт 25 жил ажилласан нөхцөлд олон жилийн нэмэгдлийг авч байхаар тусгажээ. Өмнө нь энэ нь төмөр замд тасралтгүй ажилласны нэмэгдэл хэмээн явж ирсэн бол одоо ажилласан жилээр тооцож байхаар оруулжээ.



Холбоотой мэдээ