УБТЗ: ОХУ-аас 850 вагон нефть бүтээгдэхүүн ачигджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-12-19 10:43:52

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Нефть бүтээгдэхүүний тээвэрлэлт, хангамжийн талаар УБТЗ ХНН-ээс мэдээлснээр ОХУ-аас манай улсыг чиглэн 850 вагон нефть бүтээгдэхүүн замд гараад байна.


Үүнээс 176 вагон нь автобензин, 590 гаруй вагон түлш байгаа аж. Хоногт дунджаар 5250 орчим тонн нефтийн бүтээгдэхүүн хилээр орж буйг УБТЗ ХНН-ийн тээвэр зохион байгуулалтын албанаас мэдээллээ.


"Нефть бүтээгдэхүүн тогтсон хуваарийн дагуу нийлүүлэгдэн ирж байна. Тээвэрлэлт дээр төмөр замтай холбоотой ямар нэг хүндрэл гараагүй. Ачаа хүлээн авч буй ААН, компаниудад цаг тухай бүр, 18-20 цагийн дотор хүргэж байгаа" хэмээн УБТЗ ХНН-ийн тээвэр зохион байгуулалтын албны дарга Ц.Ариунболд хэллээ.  


Тэрбээр, 12 дугаар сарын 18-ны өдөр буюу өчигдрийн байдлаар НИК компанид 54 вагон бензин болон түлш хуваарилагдсан. Үүнээс өчигдөр 11 вагон нь буусан. “Шунхлай” ХК дээр 53 вагон байгаагаас 16 нь буугаад байна. Төмөр замын хуваарилалт, хүчин чадлаас хамаарч 37 вагон шатахуун, түлш төмөр зам дээр хүлээгдэж байна. Үүнээс өнөөдөр, 12 дугаар сарын 19-нд дээрх хоёр компанид 37, 43 вагон шатхуун, түлш бууж байна гэв.


Тодруулга: 176 вагон автобензинээр тооцон үзэхэд энэ нь 8-10 хоногийн нөөц болдог. Улсын хэмжээнд хоногт дунджаар 25-26 вагон буюу 1500 тонн бензин хэрэглэдэг байна. Шатахуун, нефть бүтээгдэхүүний тээвэрлэлтийг өнгөрсөн оныхтой харьцуулахад тээвэрлэлт 25.5 хувиар нэмэгджээ. 

Холбоотой мэдээ