ТӨВ: “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төсөл Өндөрширээт суманд хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-01-17 15:10:46

Зуунмод, 2024 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуульд Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төсөл хэрэгжинэ. 

Төслийн гэрээнд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү болон Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар үзэглэлээ. 


Уг төслийн хүрээнд Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуульд 817.7 сая төгрөгийн засварын ажил хийх аж.


Тус сургуулийн барилга 1985 онд ашиглалтад орсон бөгөөд мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр цаашид ашиглах боломжгүй байв. Төслийн хүрээнд сургуулийн дээвэр, гадна фасад, дотор засал, цахилгаан шугам зэргийг иж бүрэн засварлахаар төлөвлөсөн байна.

 

Уг төсөл хэрэгжсэнээр 270 гаруй сурагч чанартай боловсрол эзэмших, 40 орчим багш, ажиллагсад тав тухтай орчинд ажиллах нөхцөл бүрдэж байна.

 

Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн тоо жил бүр тогтмол нэмэгдэж байгаа нь уг төслийг хэрэгжүүлэх гол хөшүүрэг болсон талаар сургуулийн удирдлага онцоллоо.

 

Япон улсын Засгийн газар Монгол улсад 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаагийн төсөл нь улсын хэмжээнд хэрэгжих 599 дэх, Төв аймагт хэрэгжих 24 дэх төсөл болж байна.


 

Холбоотой мэдээ