ТӨВ: “Манзушир” байгалийн музей Эко байгаль орчны боловсролын танхимтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-02-02 17:55:41

Зуунмод, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. КОЙКА Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын сайн дурын ажилтнууд “Манзушир” байгалийн музейд “Эко байгаль орчны боловсролын танхим”-ыг хүлээлгэн өгөв.

 


Манзуширын хийдийг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 2 дугаар сар хүртэл БНСУ-ын Ёнсей их сургуулийн сайн дурын 5 дадлагажигч ажилтан аймгийн музейд ажилласан байна.


Тухайн ажилтнууд “Хүүхдэд ээлтэй эко музей байгуулж эко аялал жуулчлалыг сэргээх нь”, “Ухаалаг эко музей” сэдэвт нийт 17000 долларын төслийг батлуулж, хэрэгжүүлсэн юм.

 

Уг төслийн хүрээнд нийт 7 ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн бөгөөд түүний нэг нь “Манзушир” байгалийн музейд “Эко байгаль орчны боловсролын танхим” байгуулах аж.

 

Энэхүү танхимд гэрэлт самбар бүхий “Богд хан уул”-ын танилцуулга, цахим танилцуулга явуулах боломжтой проектор, мэдээллийн самбар зэргийг байршуулсан байна. Ингэснээр мэдээ мэдээлэл, түүхэн баримтыг хүүхэд, залууст үзүүлж, таниулах боломж бүрдэж байгаа юм.

 


Ерөнхий төслийн хүрээнд:  

Байгаль орчин экологийн сургалтыг керамик урлалынхантай хамтран зохион байгуулсан юм. Мөн монгол, англи, солонгос хэлээр хуанли, танилцуулга хэвлэж, музейн үзүүлэнгийн танхимд аудио хөтөч хийсэн байна.

 

Түүнчлэн Төв аймгийн музейн веб сайт, хүүхдэд зориулсан контент бүтээжээ. 

 

Холбоотой мэдээ