БАЯН-ӨЛГИЙ: Герман технологи ашиглан чацарганын тос үйлдвэрлэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-02-07 16:49:06

Өлгий, 2023 оны 10 дугаар сарын 7 /МОНЦАМЭ/. С.Бекет захиралтай "Бекжанай" компани Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Цонжийн хөдөө хэмээх газарт чацаргана тариалдаг.


Компанийн хамт олон өнгөрсөн намар 8 тонн ургац хураан авсан. Хурааж авсан чацарганаа дангаараа болон шүүс хийж орон нутгийн зах зээлд борлуулдаг аж.


Харин саяхнаас чацарганын үр болон зөөлөн эдээс герман технологийг ашиглан хоёр төрлийн тос үйлдвэрлэж эхэлсэн байна.


Тоног төхөөрөмжөө Герман-Хятадын хамтарсан компаниар дамжуулан оруулж иржээ. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ орон нутгийн болон Улаанбаатар хотын лабораториудаар шинжлүүлэхэд чанарын өндөр түвшинд байгаа нь тогтоогджээ.


"Манай давуу тал бол орон нутагт өөрсдөө тарьсан чацарганаа эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулж тос гарган авч байна. Бидний тарьж ургуулж байгаа чацарганын тослог чанар нь бусад газрын чацарганатай харьцуулахад өндөр байдаг. Энэ нь хөрсний үржил шим, нарны тусгал, усалгаа болон намар болц нь гүйцсэн үед хурааж авдагтай холбоотой. Чацарганын тос нь амин дэм, биологийн идэвхт нэгдлүүдээр баялаг, ходоодны өвчин, шарх сорвийг эдгээдэг шинж чанартай болохоор хүмүүсийн дунд эрэлт нэмэгдэж байгаа. Мөн Казахстан, Турк зэрэг орны зүгээс бүтээгдэхүүнийг экспортод гаргах санал тавьж байгаа" гэдгийг компанийн захирал С.Бекет хэлж байна. 

Холбоотой мэдээ