БАЯНХОНГОР: Театр урлагийн гурван уран бүтээл үзэгчдэд өнөөдөр хүрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-03-27 17:43:21

Баянхонгор, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Олон улсын театрын өдөр өнөөдөр тохиож байна. 1962 оноос хойш жил бүрийн гуравдугаар сарын 27-ны өдрийг дэлхийн “Театрын өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрд буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч хэн бүхний баяр бөгөөд дэлхийн урлагийн театрууд үзэгчдэдээ тоглолтоороо бэлэг барьдаг уламжлалтай.

Энэхүү өдрийг тохиолдуулан Баянхонгор аймгийн театруудын уран бүтээлчид:
-Хүүхдийн Тэмүжин театр 2024 оны шинэ уран бүтээл Петтер Турини “Хархны ан” постмодернизм жүжгээ "Мазаалай эвент холл"-д шинэлэг орчинд тавьж байгаа бол "Хөх дөл" төслийг санаачлагч УДЭТ-ийн жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар Тэмүжин театрын тайзнаа В.Красногоров “Хувь заяаны хүлээс” уянгын драмын жүжгээ үзэгчдийн хүртээл болгоно.

Тэгвэл С.Лувсанвандангийн нэрэмжит Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон театрын нэрт төлөөлөгч, МУСТА Ж.Дорлигжавын 80 жилийн ойд зориулан "Монгол жүжигчин” театрын урлагийн боловсрол олгох өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулна. Мөн 16.30 цагаас С.Лувсанвандангийн нэрэмжит Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын тайзнаа тус театрын шинэ уран бүтээл, найруулагч С.Тогоомөнхийн шийдэл “Сийлэн” драмын жүжгийг тоглох юм.


Театрын урлаг нийгмийн соёлын байдалтай салшгүй холбоотой байж иржээ. Театрын урлагийн хөгжил нь дан ганц техник, технологи, уран бүтээлчдийн чадвар гэхээс илүүтэйгээр үзэгчидтэйгээ хамт хөгжиж байдгаараа бусад урлагаас онцлогтой.

Нийгэм хувьсахын хэрээр хүмүүс техник технологид илүү автаж, урлагийн үйл ажиллагааг ч дэлгэцээр үзэх боломжтой болсон. Харин театрын урлаг амьд харилцааны урлаг учраас үзэгчдэд илүү мэдрэмж өгч, соён гэгээрүүлэхээс илүүтэйгээр ёс суртахууны хөрөнгө оруулалт хийдэг байна.


Баянхонгор аймаг хоёр театртай бөгөөд өнөөдөр тус тусын уран бүтээлээ үзэгчдэдээ толилуулж байна.




Баянхонгор аймгийн Тэмүжин театр нь 1986 онд байгуулагдсан Монголын анхны хүүхдийн театр юм. 40 шахам жилийн түүхтэй тус театр 30 гаруй ажилтан, дөрвөн албатай, сургалт, уран бүтээл гэсэн үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Театрынхан жилийн турш хүүхэд багачуудад зориулсан хуваарьт 12 тайлан тоглолтыг тавьдаг бөгөөд бүжиг, драм, үндэсний хөгжим зэрэг дугуйлан хичээллүүлдэг.


Харин Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын түүхэн замнал нь 1942 оноос эхтэй. Анх 2 гэртэй байгуулагдан аймгийн Клуб нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд клубийн нээлтээр Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийг хуучин эхээр, “Цэнд комиссар”, “Ардын зориг”, “Харанхуй засаг” зэрэг драмын жүжиг, концертыг тоглосон түүхтэй. Аймгийн клуб нь 1953 онд орон тооны 13 жүжигчинтэй болж өргөжин, тухайн үед уран бүтээлийн бие даасан анги бий болоогүй байсан учраас 13 жүжигчин нь жүжиг тоглодог, дуу дуулдаг, шүлэг уншдаг, бүжиг бүжиглэдэг, хөгжим ч тоглодог байсан байна.

1958 онд аймгийн клубийг Соёлын ордон болгон өргөтгөж орон тооны 18 жүжигчинтэй, 30 гаруй сайн дурын уран сайханчтай ажиллаж, мөн үеэс дуу, хөгжим, бүжиг, драм, үйлдвэр зохион байгуулах зэрэг мэргэжлийн ангиудтай болжээ.
Улмаар 1977 онд 600 гаруй хүний суудалтай, 80 шахам уран бүтээлчтэй, нийт 110 ажилтантай мэргэжлийн урлагийн байгууллага болж, театрын нээлтээр Төрийн шагналт, УГЗ Бирваа, Рэгсүрэн нарын “Эрдэнэтээлийн уянга” дуурь, “Гурван бүсийн нутаг” концертыг тоглосон байна. Ийнхүү аймгийн Соёлын ордон мэргэжлийн урлагийн байгууллага Хөгжимт драмын театр болсноор жинхэнэ мэргэжлийн өнгө аястай болж, хөгжимт драмын чиглэлээр хөгжих үндэс суурийг тавьжээ.

Мэргэжлийн театр болон үүсэн байгуулагдсанаас хойш зохиолын болон орчуулгын 40 гаруй жүжиг, 20 гаруй дуурь, 183 концертын уран бүтээл туурвиж үзэгчдийн хүртээл болгожээ. Одоо тус театр хөгжим, найрал дуу, бүжиг, драм, захиргаа аж ахуй зэрэг бүтцийн таван ангитай, 60 гаруй албан хаагчийн 80 шахам хувь нь уран бүтээлчид байна. Өдгөө тус теарт МУГЖ нэг, МУСТА 32 уран бүтээлч ажиллаж байна.



Холбоотой мэдээ