ХӨВСГӨЛ: Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох санал хүргүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-03-29 09:28:29

Мөрөн, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит 25 дугаар хуралдаанаар Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын лусын тахилгын зан үйлийг төрийн тахилгатай үйл ажиллагаа болгон өргөжүүлэх санаачилгыг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар боллоо.


Төрийн тахилгатай болсноор байгалийн аялал жуулчлалын үнэт өв болох Хөвсгөл нуурыг зорин ирэх гадаад, дотоодын аялагчдад байгалийн түүх, соёлын өвийг таниулах, байгаль дэлхийгээ хайрлах ач холбогдолтой юм.

 



Тус аймгийн 2019 оны ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Хөвсгөл нуурыг хамгаалах, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор Хөвсгөл нуурын тахилгыг жил бүрийн зуны дунд сарын шинийн 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулж байхаар шийдвэрлээд тахисаар иржээ.


Хөвсгөл нуурыг эрт дээр үеэс эхлэн тахиж ирсэн нь түүхтэй юм. Тодруулбал Богд хаант Монгол Улсын үед буюу 1800-гаад оны сүүлчээр Хөвсгөлийн Дархадын хотгорт орших Зөөлөнгийн хүрээний лам хуврагууд болон Даян дээрхийн хүрээний лам хуврагууд хамтран зуны дунд сарын шинийн 15-нд тахидаг байжээ.

  

Холбоотой мэдээ