МОНЦАМЭ, АНЗА-гийн түншлэл нь монгол, итали иргэдийн харилцан ойлголцлыг шинэ шатанд авчирна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-29 17:24:57

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Италийн Хэвлэл мэдээллийн байгууллагуудын холбооны АНЗА /ANSA/ агентлагтай харилцан ойлголцлын санамж бичигт цахимаар гарын үсэг зурлаа.

 

Хоёр агентлаг мэдээ мэдээллийг өдөр бүр солилцох, сэтгүүл зүйн салбарт нэвтэрч буй ололт, туршлагаа хуваалцах, гэрэл зурагчдын үзэсгэлэнг хамтран зохион байгуулах зэргээр хамтран ажиллах юм.

 

МОНЦАМЭ агентлагийн байранд болсон, Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд БНИУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайд хатагтай Жованна Пикарретта оролцов. Монгол Улс, Итали улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой 2025 онд тохиох юм. Бүтэн жилийн турш тэмдэглэх тус ойн хүрээнд талууд олон ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.

 


Үндэсний МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос санамж бичиг гарын үсэг зурах ёслолын үеэр хэлэхдээ, “МОНЦАМЭ, АНЗА-гийн түншлэл нь хоёр улсын харилцааг бэхжүүлээд зогсохгүй хамтын ажиллагааны шинэ зам нээж, шинэ боломжуудыг олгоно гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа, хоёр орны иргэдийн харилцан ойлголцлыг шинэ шатанд авчрах бас нэгэн гүүр болж хоёр улсын соёл, уламжлал, үнэт зүйлсийн тухай илүү өргөн мэдлэг, ойлголтыг түгээхэд хамтран ажиллана. МОНЦАМЭ агентлаг ОАНА (Ази-Номхон далайн орнуудын мэдээллийн байгууллагуудын холбоо)-гийн Удирдах зөвлөлийн гишүүний хувьд, тус байгууллагын мэдээллийг мөн солилцох боломжтой. Ойлголцол, энх тайван, хөгжил цэцэглэлтийг дэмжихэд сэтгүүл зүйн торгон хүчийг ашиглахын төлөө хамтдаа зүтгэцгээе" хэмээгээд тус холбооны удирдлагыг тааламжтай цагтаа, нарлаг Монголд айлчлахыг урьсан юм.

 

Италийн Хэвлэл мэдээллийн байгууллагуудын холбоо (ANSA)-ны гүйцэтгэх захирал Стефано Де Алессандри хэлсэн үгэндээ, “Энэ хамтын ажиллагаа нь Итали, Монгол Улсыг улам ойртуулж, хоёр орны харилцааг өргөжүүлнэ гэж найдаж байна” хэмээн онцлоод, МОНЦАМЭ агентлагаас гадаад хэлээр гаргаж буй бүтээгдэхүүнийг захиалж, мэргэжилтэн солилцож харилцан туршлага судлахаас гадна, хиймэл оюун ухааныг мэдээллийн салбарт ашиглаж буй туршлагаасаа хуваалцахад бэлэн хэмээн тодотголоо. 


Өнгөрсөн 2 жилийн хугацаанд ANSA нь олон улсын мэдээллийн агентлагуудтай хамтын ажиллагааны гэрээгээ шинэчилж, мөн шинэ түншлэлийн харилцааг эхлүүлж, одоогоор олон улсын 70 орчим түнштэй гэрээ байгуулаад байна. Хуурмаг мэдээлэл олон нийтэд хурдацтай тархах эрсдэлтэй энэ цаг үед агентлаг хоорондын хамтын ажиллагаа нь мэдээллийн агентлагуудын найдвартай байдлыг бэхжүүлэхэд ихээхэн ач тустай. ANSA нь 20 сая гэрэл зураг бүхий архивтай тул Итали, Монголын харилцааг тусгасан гэрэл зургийн үзэсгэлэн хамтран гаргах боломж дүүрэн байна хэмээсэн юм.

 

ANSA нь 1945 онд байгуулагдсан, Италийн тэргүүлэгч 28 сонин, сэтгүүлийг нэгтгэсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын холбоо юм. Нийт 500 гаруй ажилтантай, тэдний гуравны хоёр нь сэтгүүлч, 50 гаруй оронд сурвалжлагчтай. Мөн Италид хамгийн олон уншигчтай, итали хэлээрх ANSA.it вэб сайт, мөн англи, араб, испани, португал, герман хэлээр мэдээ мэдээлэл түгээдэг зургаан вэб сайттай ажээ.



 


 

Холбоотой мэдээ