ЗАВХАН: Таеквондочин хүүхдүүд 28 медальтай иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-03-29 15:32:27

Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн таеквондогийн тамирчид олон улсын таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 28 медаль хүртжээ.


Олон улсын Таеквондогийн Монгол Улсын аварга шалгаруулах 29 дэх тэмцээнд Завхан аймгаа төлөөлөн "Цэцэн шонхор", "Алтан шонхор", "Этүгэний шонхор" клубээс 42 тамирчин оролцсон байна. Тэд улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож таван алтан медаль, найман мөнгөн медаль, 15 хүрэл медалийг хүртлээ.

Мөн багш С.Будхүү хар бүс дөрвөн дан, багш Б.Нэргүй хар бүс гурван дан, А.Алтантулга, О.Мөнххүслэн нар хар бүс нэг дан авч зэрэг цолоо ахиулав. Түүнчлэн А.Анударь Монгол Улсын спортын мастер цолны болзол хангалаа.


Завхан аймагт дэлхийн аварга, Ази тивийн хошой аварга тамирчин С.Будхүүгийн санаачилга дэмжлэгээр таеквондогийн спортыг орон нутагт хөгжүүлэх зорилготой клубууд байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 560 гаруй хүүхэд энэ спортоор хичээллэж байна.


Мөн зөвхөн хүүхдүүд биш тус аймгийн насанд хүрэгчид ч энэ спортыг сонирхон хичээллэдэг болсон. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 760 гаруй хүүхэд, залуучууд идэвхтэй хичээллэж байна. Түүнчлэн 6 сум таеквондогийн клубтэй болсон бөгөөд жил бүр аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох оролцогчдын тоо нэмэгдэж, тамирчдын чадвар ч сайжирдаг.


Аймгийн аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцсон дээрх тамирчид улсын аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргалаа гэж Цэцэн шонхор клубээс мэдээлэв.

Холбоотой мэдээ