ХОВД: Сум, байгууллагын тэгш ойг тэмдэглэх өдрийн тов гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-28 19:20:58

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/  Ховд аймгийн ИТХ-ын 15 дугаар хуралдаан өнөөдөр боллоо.  

Хуралдаанд төлөөлөгчдийн 60 гаруй хувь нь танхим болон цахим хэлбэрээр оролцож, аймаг орон нутгийн хөгжил, цаг үеийн ажилтай холбоотой найман асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргав.  

Онцлоход, 2024 онд Ховд аймгийн хэмжээнд таван сумын 100 жилийн ой, найман байгууллагын тэгш ой тохиож байгаа. Үүнийг тус хуралдааны явцад хэлэлцэж, сум, байгууллагын тэгш ойг тэмдэглэх өдрийн тов гаргалаа.


Дарви сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярыг 7 дугаар сарын 22-24-ний өдөр тэмдэглэнэ. Харин Алтай,  Мянгад, Зэрэг, Цэцэг сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг 8 дугаар сард тэмдэглэнэ.


Мөн Галданбошигт хаан мэндэлсний 380 жилийн ойг 2024 оны 8 дугаар сарын 3-4-ний өдөр тэмдэглэх ба нэрэмжит гудамж байгуулах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
 


Үүнээс гадна Цэцэг, Дөргөн сумын ерөнхий боловсролын сургууль, Алтай сумын Эрүүл мэндийн төв
 үүсэн байгуулагдсаны түүхт ойг 8 дугаар сард тэмдэглэх бол "Хөгжил" политехник коллеж, Жаргалант сумын Нэгдүгээр цэцэрлэг үүсэн байгуулагдсаны түүхт ойг 9 дүгээр сард тэмдэглэнэ. Мөн Статистикийн байгууллагын түүхт 100 жилийн ойг 11 дүгээр сарын 11-нд тэмдэглэхээр шийдвэрлэлээ. 

 

Түүнчлэн тус хуралдааны явцад  2024 онд ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг 1500 толгой тарвага, 72 толгой чоно агнах гэж тогтоожээ. Мөн хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын тухай, Орон нутгийн өмчийн тухай асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн саналыг авсан байна.  

Холбоотой мэдээ