АРХАНГАЙ: Цахим бодлогын баримт бичиг боловсруулахад зөвлөх үйлчилгээ авах гэрээнд гарын үсэг зурав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-03-29 16:18:21

Эрдэнэбулган, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын баг Архангай аймагт ажиллаж байна.

 

ЦХХХЯ-наас цахим хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, цахим үндэстэн болох үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, цахимаар үзүүлэх төрийн үйлчилгээний тоо, хүртээмж, иргэдийн цахим гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх зорилгоор “Цахимд хэвшье” үйл ажиллагааг үндэсний хэмжээнд өрнүүлж байгаа.

 

Энэ ажлын хүрээнд дээрх ажлын баг аймгийн удирдлагууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд, төрийн албан хаагчид, сумын ЗДТГ-ын дарга нарт нэгдсэн хурал, уулзалтыг хийлээ. Мөн ЕБС-ийн багш, сурагчид, МСҮТ-ийн оюутнууд, төрийн албан хаагч, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, хувиараа бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан сургалт, зөвлөгөө, мэдээлэл зэрэг үйл ажиллагааг аймгийн ЗДТГ-ын 4 танхимд нэгэн зэрэг зохион байгуулж байна.

 

Нэгдсэн хурлын үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар “Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээ” сэдвээр илтгэл, танилцуулга хийсэн юм.

 

Архангай аймгийн 19 сум шилэн кабельд холбогдож, 100 баг үүрэн холбооны сүлжээтэй, үүрэн холбооны хэрэглэгчийн тоо 105163-д хүрч, суурин интернэтийн үйлчилгээг 2760 иргэн хэрэглэж буйг дэд сайд Ж.Эрхэмбаатар дурдаад 2024-2025 онд үүрэн холбооны сүлжээний үйлчилгээ оруулах газрыг танилцуулсан. Үүнд:

-Булган сумын Тусгалт баг

-Чулуут сумын Хайрхан баг

-Өндөр-Улаан сумын Бэлхи

-Цэцэрлэг сумын Туулант

-Хайрхан сумын Асгат, Хайрхан багууд

-Хангай сумын Баян-Улаан, Гичгэнэ

-Цэцэрлэг сумын Хонгорж зэрэг аймгийн алслагдсан 10 багт үүрэн холбооны сүлжээг оруулахаар төлөвлөснийг дуулгалаа. Өнгөрсөн жил 5 багийг сүлжээнд холбосон юм.

 

Үргэлжлүүлэн “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Тамир “Аймгийн цахим бодлогын баримт бичиг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломж”-ийн талаар, “И-Монгол академи УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын төслийн менежер О.Төгөлдөр Орон нутгийн төрийн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчилж төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох төслийн танилцуулга, мэдээллийг тус тус хийв.


Үүний дараа Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид аймгийн цахим бодлогын баримт бичиг боловсруулахад зөвлөх үйлчилгээ авах зорилгоор тус ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Тамиртай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

 

Өнөөдрийн үйл ажиллагаанд Архангай аймгийн “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК болон үүрэн холбооны оператор компаниуд, банкууд өөрсдийн дижитал үйлчилгээг иргэдэд танилцуулж байна.  

Холбоотой мэдээ