ЗАВХАН: Хоол боловсруулах замын хавдрын өвчлөлийг бууруулахад онцгой анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-03-29 15:36:24

Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Завхан аймагт эрүүл мэндийн салбарт 1145 эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд ажиллаж 71 мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.


Хүний нөөцийн хангалт 95 хувьтай. Эрүүл мэндийн салбарт нийт 181 их эмч ажиллаж байгаа ба эмч нарын 63.3 хувь нь нарийн мэргэжлийн, 36.7 хувь нь ерөнхий мэргэжлийн эмч байна. Эмчийн хангалт сайн байгаа гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

Завхан аймгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд дэлхийн эмч нарын өдрийг угтаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний дэвшилттэй ололт амжилт, сайн туршлагуудаа олон нийтэд мэдээлж байна. 


Тухайлбал сүүлийн гурван жилд аймгийн эмч мэргэжилтнүүд хоол боловсруулах замын өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх ялангуяа хавдрын өвчлөлийг бууруулахад онцгой анхаарч ажилласан байна.


Монгол Улс хоол боловсруулах замын хавдар, түүний шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлсээр байгаа бөгөөд 2023 оны статистик мэдээгээр 4556 хүн хавдрын оношоор нас барсан байна.

Энэ нь таван хүн тутмын нэг нь хорт хавдрын шалтгаанаар нас барсан гэсэн үг юм. Түүнчлэн ходоодны хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлээд байгаа юм.



Тиймээс Завхан аймаг энэ чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна. Завхан аймагт 700 гаруй хавдартай өвчтөн хяналтад байдаг. Өнгөрсөн онд 4570 хүнд дурангийн шинжилгээ хийснээс ходоодны хавдрын сэжигтэй 139 тохиолдолд эдийн шинжилгээг авсан байна. Үүнээс хожуу үеийн хавдар 20, эрт үеийн хавдар 4, хүнд зэргийн эсийн гажиг 7, хөнгөн зэргийн эсийн гажиг 10 илэрчээ. Он гарсаар 16 хавдрын тохиолдол шинээр бүртгэгджээ.


Жил ирэх тусам хавдрын өвчлөл, ялангуяа хоол боловсруулах замын хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа учир энэхүү өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг эрт илрүүлэх үзлэгт идэвхтэй хамруулах.

Орон нутагтаа ажиллаж байгаа хоол боловсруулах замын дурангийн эмч, сувилагч нарыг чадавхжуулах, шаардлагатай, яаралтай хагалгааг орон нутагтаа хийх боломжоор хангах.

Ялангуяа эмч, сувилагч нарыг гуравдугаар зэрэглэлийн эмнэлгийн эмч нартай хамтран ажлын байран дээр дадлагажуулах гэхчлэн ажлуудыг эрчимтэй хийж байгаа гэж Завхан аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс нэмж мэдээлэв. 

Холбоотой мэдээ