БАЯНХОНГОР: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын хөгжлийн төвд аутизмтай гурван хүүхэд суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-04-02 16:57:47

Баянхонгор, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 2007 онд НҮБ-ын бүх гишүүн орнуудыг аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийг ойлгуулж таниулах арга хэмжээ авахыг уриалж, жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ныг "Аутизмыг таниулах дэлхийн өдөр" болгосон байдаг. Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг илүү ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилгоор ээлтэй, олон нийтэд чиглэсэн ажил зохион байгуулах, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртэх боломжийг сайжруулахыг уриалдаг уламжлалтай.


Баянхонгор аймаг Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эрхийг хангах, тэдний эрүүл мэндийг нөхөн сэргээх, засан сайжруулах, чадамжид нь тулгуурлан хөгжүүлэх, боловсрол олгох зорилго бүхий “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын хөгжлийн төв”-тэй болоод 20 гаруй жил болж байна. Тус төвд хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд 3000 шахам /давхардсан тоогоор/ хүүхдийг хамруулж 70 хувь нь сайжирч, 269 хүүхэд СӨБ, ЕБС, МСҮТ-д холбон зуучилжээ.

Өнөөдрийн байдлаар тус төвд аутизмтай гурван хүүхэд сурч хүмүүжиж байна.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын хөгжлийн төв” ТББ нь 16 хүний бүтэц орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд танхимаар 2-5 насны 25 хүүхэд, 6-16 насны 25 хүүхдийг танхимаар хүлээн авч сургалтын үйл ажиллагаа, нийгэмшүүлэх, төлөвшүүлэх, нөхөн сэргээх, засан сайжруулах арга хэмжээг авч байгаа юм.



Аутизмыг анх 1943 онд Австри-Германы эмч Лео Каннер дүрсэлж тодорхойлсон ба одоо аутизмын үндсэн гол шинжүүд бүхий аутизмыг сонгодог аутизм буюу “Каннерын аутизм” гэж нэрлэдэг. Австрийн эмч Ханс Аспергер гэдэг эрдэмтэн 1944 онд нийгэмших чадвар муутай хэсэг хүүхдийг дүрсэлснээр Аспергерийн хам шинж гэдэг ойлголт бий болжээ.


Хүний бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлээж авч ойлгох чадварт нөлөөлдөг насан туршийн өргөн хүрээний эмгэгийг аутизм гэдэг. Аутизмын шалтгааныг олж нээгээгүй байгаа ч тархины үйл ажиллагааны тодорхой нэг саатлын улмаас үүдэлтэй гэдэг дээр эрдэмтэд судалгаа шинжилгээ хийсээр байна.


Аутизмтай хүүхдүүд бусдаас арай өөрөөр ертөнцийг харж хүлээж авдаг. Тэдний хувьд бусадтай харилцах, үйл явдалд хариу үйлдэл үзүүлэх хэлбэр ондоо байна. Хэдийгээр энэ нь нийгмийн харилцаанд ороход тодорхой хүндрэлүүдийг учруулах эрсдэлтэй ч аутизмын талаарх ойлголттой болсноор бид өөрийн тусламжийг хүргэж чадах юм.


Аутизмын эмгэг нь хэл ярианы хөгжлийн хоцрогдол, баригдмал сэтгэлгээний хоцрогдол, нийгэмшихүйн хөгжлийн хоцрогдол зэрэг бэрхшээлээр илэрдэг тул эцэг эхчүүд энэхүү эмгэгийг эрт үед нь илрүүлж, мэргэжлийн хүмүүст хандсанаар хүүхдийг бие даан амьдрах чадвартай болгох бүрэн боломжтой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар 68 хүүхдийн 1 нь аутизмаар оношлогддог бөгөөд хөвгүүд охидоос 4 дахин их байдаг аж. Аутизмын эмгэгтэй хүмүүсийн тоо нэмэгдэх болсон өнөө үед хүн бүр аутизмын тухай мэдээллээ дээшлүүлж, тэднийг ойлгож, хайрлан хамтдаа амьдрах шаардлагатай болж байна. Аутизмтай гэдгийг MRI, эхо, цусны гэх мэт биологийн шинжилгээнүүдээр илэрдэггүй зөвхөн урт удаан хугацааны туршид тухайн хүүхдийн зан төлөв, хандлагыг нь оношилж тогтоодог байна.


Аутизм хүүхэд бүрд өөр өөр шинж тэмдэг илэрдэг учраас аутизмын эмгэгийг оношлоход амаргүй байдаг бөгөөд анхны шинж тэмдэг нь 6-8 сартайд ажиглагддаг ч нэг настайгаас нь тодорхой илэрч, 2-3 насанд нь бүрэн оношлогддог. Хэдий эрт оношлогдож, багаасаа терапи заслын эмчилгээнд явах тусам хүүхэд төдийчинээ хурдан засал авч сайжирдаг байна.

Ташрамд, Баянхонгор аймаг 90 мянга орчим иргэнтэйгээс 4000 шахам нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Дээрх иргэдийн 1498 нь төрөлхийн, 2490 нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас олдмол хөгжлийн бэршээлтэй иргэдийг шалтгаанаар нь авч үзвэл, ердийн өвчин 77 хувь, ахуйн ослоор 15 хувь, үйлдвэрлэлийн осол 1 хувь, зам тээврийн осол 4 хувь, мэргэжлээс шалтгаалах өвчин 3 хувийг тус тус эзэлж байна.

Холбоотой мэдээ