ГОВЬ-АЛТАЙ: “Аман өв” архив бүрдүүлэх чиглэл өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-05-03 11:58:07

Говь-Алтай, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн 14 сумын түүхт 100 жилийн ой болохтой холбогдуулан ойн үйл ажиллагааны баримтыг цаасан болон тусгай төрлийн (гэрэл зураг, дүрс бичлэг, дуу авиа) баримтаар бүрдүүлэн архивт хадгалах, сум, орон нутгийнхаа түүхийг сайн мэддэг ахмад настнаас аман яриа авч “Аман өв” архив бүрдүүлэх талаар аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Эрдэнэбат сум, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудад чиглэл өглөө.

 

Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хууль, эрх зүйн хэлтсийн Төрийн архивын тасгаас сум, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудад “Архивчдын хөгжил, сургалт арга зүйн төв”-тэй хамтран чадавхжуулах сургалт зохион байгууллаа. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль 2020 онд шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан энэ удаагийн сургалтыг зохион байгуулсан тухай аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.


Тодруулбал, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны нийтлэг журам, MNS 5140:2021 баримт бичгийн стандарт, монгол бичгээр үйлдэх, баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага MNS 6395:2022 стандарт, баримт бичгийн нэр төрөл, хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт, түүнийг хэрэглэх зэрэг сэдвээр зөвлөмж мэдээлэл хүргэж, сумдын болон агентлаг, албан байгууллагуудын 145 албан хаагчдыг чадавхжуулан сертификат олголоо.


Сургалтад оролцсон албан хаагчдад 2023 онд тус аймгийн нийт төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд үзлэг явуулсан, цаашид анхаарах асуудлын талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Эрдэнэбат чиглэлийг өгсөн юм. 


Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага MNS 6395:2022 стандартын хэрэгжилтийг хангаж, төрийн албан хэргийг хос бичгээр үйлдэх ажлыг тасралтгүй, эрчимтэй явуулах, 2025 онд явуулах архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэл ажлын хүрээнд архив, албан хэрэг хөтлөлтийн журам, стандартын хэрэгжилтийг цаг тухай бүрд нь хангаж ажиллах, тус онд 14 сумын түүхт 100 жилийн ой болохтой холбогдуулан ойн үйл ажиллагааны баримтыг цаасан болон тусгай төрлийн (гэрэл зураг, дүрс бичлэг, дуу авиа) баримтаар бүрдүүлэн архивт авч хадгалах, сум, орон нутгийнхаа түүхийг сайн мэддэг ахмад настан иргэдээс аман яриаг авч “Аман өв” архив бүрдүүлэхийг тэмдэглэн хэлэв.

Холбоотой мэдээ