ДАРХАН-УУЛ: Төвийн бүсийн санхүү, төрийн сангийн мэргэжилтнүүдийн зөвлөгөөн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-05-07 19:04:55

Дархан, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Сангийн яам, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс хамтран “Төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хөрөнгө оруулалтын удирдлагын системийн шинэчлэл” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн бүх сумын санхүү, төрийн сангийн мэргэжилтнүүд оролцож байна.




Төрийн сангийн журамд орсон цахим шилжилтийн өөрчлөлтүүдийг танилцуулах, төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын талаар тулгамдсан асуудлуудаа бүсийн хэмжээнд ярилцах зорилгоор Сангийн яамны төрийн сангийн газраас төвийн бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж буйг Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Дэлгэржаргал өөрийн илтгэлдээ тодотголоо.




Түүнчлэн төрийн сангийн төлбөр тооцоог цахимжуулах иргэн, ААНБ илүү ойр хялбарчилж эхэлсэн тухай болон 389 төрийн сан 4500 төсвийн байгууллага 15 мянган хэрэглэгчтэй төрийн сангийн цахим системийн ашиглалтын талаар мэдээлэл өглөө.




Тухайн оны төсвийн тухай хуульд батлагдсан улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, барилга, байгууламжийн жагсаалтад тусгагдсан хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх төсвийг улсын төсвийн хөрөнгө оруулалт гэж нэрлэн төлөвлөж гүйцэтгэж хэрэгжүүлдэг аж.




Өнгөрсөн оны төсвийг гүйцэтгэлээс нь харахад улсын хэмжээнд боловсролын салбарт хамгийн их хөрөнгө оруулалт буюу 824 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна.




Төсвийн хөрөнгө оруулалтын үндсэн зорилго нь нийтийн зориулалттай байдаг. Улс, орон хөгжихийн тулд эдийн засгийн болон нийгмийн дэд бүтэц буюу байшин, барилга, зам барих зэрэг ажлыг гүйцэтгэх шаардлагатай. Тиймээс дээрх хоёр дэд бүтцийг төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэдэг. Харин энэ хөрөнгө оруулалтыг гүйцэтгэх, төлөвлөх хяналт тавих үйл ажиллагаанд хариуцлагатай ажиллахыг зөвлөгөөнд оролцогчдод анхаарууллаа.




Төсвийн жил 12 сарын хугацаатай. Өмнөх жилийн санхүүжилтээс он дамжин хэрэгжүүлж буй төслүүд одоог хүртэл гүйцэтгэлээ бүрэн авч чадаагүй жишээ байдаг. Төсвийн хэрэгжилтээ зохион байгуулж чаддаггүй, төсвөө батлуулсан ч гэрээ байгуулаагүй гэх зэрэг шалтгаанаар санхүүжилт буцаан татагддаг зэрэг олон асуудлыг хөндөн хэлэлцлээ.




Мөн царцсан барилга хэмээн нэрлэгдэж, олон жил барилга угсралтын ажил хийгээгүй төслүүд бий. Эдгээр муу гэх тодотголтой зарим ажлыг дараагийн жилүүдэд дахин гарахаас сэргийлж, хөрөнгө оруулалтын төслүүдийг хамгийн ихдээ гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж дуусдаг байхаар хуульд өөрчлөлт орсон аж.




Цаашид сургууль барих уу, өргөтгөх үү, буулгаж шинээр барих уу зэрэг ажлыг эрэмбэлж, төлөвлөх хэрэгтэйг зөвлөгөөнөөр онцолж, санхүүжилтийн хэлбэр, шаардагдах төсвийг тодорхой болгох хэрэгтэйг ч дурдав. Ямар төслийг хэнд зориулж хэрхэн хэрэгжүүлэх талаар нарийн төлөвлөж эрэмбэлэх нь маш чухал гэдгийг зөвлөгөөнд оролцсон санхүү, төрийн сангийн мэргэжилтнүүдэд анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ