ХОВД: Хамгийн эрт үед холбогдох үзмэр бол чулуун уур, нүдүүр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-05-08 09:29:48

Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн музей 1950 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. 70 гаруй жилийн түүхтэй тус музейд 3000 гаруй үзмэр хадгалж байгаа юм. 
 

Үүнээс он, цаг дарааллын хамгийн эхэнд бичигдэх үзмэр нь чулуун уур, нүдүүр. 

Чулуун уур, нүдүүрийн тухайд шинэ чулуун зэвсгийн үе буюу МЭӨ 7000-4000 жилийн үед холбогдоно. Үүнийг хөх саарал боржин чулуугаар хийжээ.

Нүдүүрийн бариул хэсгийг нь хонины толгойн хэлбэр гаргаж урласнаараа онцлогтой.

Тус үзмэрийн өндөр 14 см, голдоч 17 см байна. Харин жин нь 6190 гр юм.

Энэхүү үзмэр нь үр тариа болон жимс боловсруулах зориулалттай. Ховд аймгийн музейн цуглуулгад 1960 онд бүртгэгджээ.    

Ховд аймгийн музейн хамт олон баруун монголын түүх, соёл, олон угсаатны бүлгийн өвөрмөц ёс заншил, оюуны соёлыг олон нийтэд үзүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, сурталчлан таниулах чиглэлд анхаарч ирсэн ба ховор нандин үзмэрүүдээ XII-XX зууны үеийн Ховд хот, угсаатны соёл, буддын шашин, ерөнхийлөгчийн танхим, алдартны танхим, байгаль газарзүй, эртний түүх, бахархлын танхим гэсэн хэсгүүдэд ангилан хадгалж байна. 

Холбоотой мэдээ