Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-05-08 15:04:55

БРЮССЕЛЬ, 2024 оны тавдугаар сарын 8 /Reuters/. Өнгөрсөн сард дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр тохиосноор сүүлийн 11 сар дараалан хамгийн халуун сарууд бүртгэгдсэн тухай Европын Холбооны уур амьсгалын өөрчлөлтийг хянах албанаас өнөөдөр мэдээллээ.


Коперникийн нэрэмжит Уур амьсгалын өөрчлөлтийг судлах албанаас /C3S/ мэдээлснээр, 2023 оны зургаадугаар сараас хойших сар бүр манай гаргийн түүхэн дэх хамгийн халуун сарууд болж бүртгэгджээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарыг оруулаад дэлхийн дундаж температур сүүлийн 12 сарын хугацаанд түүхэндээ байгаагүй ихээр буюу аж үйлдвэржилтийн өмнөх 1850-1900 оны дунджаас цельсийн 1.61 хэмээр нэмэгдсэн байна.


Далайн гадаргын температурын дээд үзүүлэлт олон сарын турш эвдэгдсэн нь хүний буруутай үйл ажиллагаа уур амьсгалын системд өөрчлөлт гарахад хүргэсэн эсэхийг судлахад хүргэж байна. C3S-ийн уур амьсгалын ахлах судлаач Жулиен Николас хэлэхдээ, уур амьсгалын системд өөрчлөлт гарсан уу гэсэн асуултыг олон судлаачид тавьдаг гэлээ.


Чулуун түлшийг шатааснаас үүсэх хүлэмжийн хийн ялгарал нь уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж байна. Түүнчлэн сүүлийн саруудад Номхон далайн зүүн хэсгийн гадаргын усыг бүлээсгэдэг байгалийн Эль-Нино үзэгдэл нь агаарын температур нэмэгдэхэд нөлөөлжээ.


Дөрөвдүгээр сард уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн цаг агаарын тодорхой эрс тэс үзэгдлүүд нүүрлэснийг эрдэмтэд хэдийнэ батлаад байгаа бөгөөд үүнд Сахелийн бүсэд олон мянган хүнийг нас барахад хүргэсэн хэт халалт багтаж байна. 


Ньюкаслийн их сургуулийн уур амьсгал судлаач Хэйли Фаулерын хувьд, энэ тоо баримт нь дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд тогтоон барихаар тусгасан 2015 оны Парисын хэлэлцээрийн зорилтоос хэтрэхэд ойрхон байгааг харуулж байна гэв. “Дэлхийн температурын өсөлтийг 1.5 хэмээс доош байлгахын төлөөх тэмцэлд бид ялагдлаа гэдгээ хэзээ зарлах вэ? Миний бодлоор бид аль хэдийн ялагдсан бөгөөд дэлхийн дулаарлыг 2 хэмээс доош тогтоон барих, утааны ялгарлыг аль болох хурдан бууруулах талаар маш нухацтай бодож тунгаах хэрэгтэй байнагэж тэрбээр хэлэв.


Дэлхийн улс орнууд 2015 онд болсон НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барихын тулд хүчин чармайлтаа нэгтгэхээр тохиролцсон билээ. Ингэснээр дэлхийн дулаарлын хамгийн гамшигт үр дагавар болох хэт халуун, үер, экосистемийн тэнцвэр алдагдах зэрэг үр дагавраас зайлсхийх боломжтой.


Харин дэлхийн олон арван жилийн дундаж температураар дулаарлыг тодорхойлдог тул 1.5 хэмээс хэтрээгүй байгаа юм. Харин зарим эрдэмтэд уг зорилтыг бодитоор биелүүлэх боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлж, зорилтот түвшнээс хэтрүүлэхгүйн тулд CO2-ын ялгарлыг одоогийнхоосоо илүү ихээр бууруулахыг засгийн газруудад уриалсаар байна.


C3S-ийн цаг уурын мэдээлэл нь 1940 оноос эхлэлтэй бөгөөд судлаачид өнгөрсөн сар нь аж үйлдвэржилтийн өмнөх үеэс хойших хамгийн халуун дөрөвдүгээр сар байсныг батлахын тулд бусад мэдээлэлтэй харьцуулснаар дээрх дүгнэлтэд хүрчээ.

 



Холбоотой мэдээ