Кикүма Шигэрү: Гэр хорооллын үйлчилгээг сайжруулснаар иргэдийн нийгмийн оролцоо нэмэгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-05-08 15:29:56

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. АХБ-наас Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд нийтийн тээврийн 19 шинэ буудлыг Чингэлтэй дүүргийн 17, 18, 23 дугаар хороны нутаг дэвсгэрт ашиглалтад оруулсныг өнөөдөр нийслэлийн захиргаанд хүлээлгэн өгөв.


Дээрх төслийг Японы Ази, Номхон далайн бүсийн Тогтвортой хөгжлийн сан болон “Цахим Ази ба мэдлэгийн түншлэл сан”-гийн буцалтгүй тусламжаар АХБ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлсэн талаар АХБ-ны ахлах эдийн засагч Эдуард Фабер, тус банкны тээврийн мэргэжилтэн Ребекка Стейплтон нар танилцуулав.




Төслөөр нийслэлийн бусад дүүрэгт барих автобусны жишиг загвар бүхий цогц буудал байгуулжээ. Цогц гэдэг нь энд 0.8 км хатуу хучилт зам тавьж, автобусны эцсийн буудалд жолооч, зорчигч нарт зориулсан битүү дээвэрт төв болон зогсоол байгуулжээ.

Улаанбаатар хотод нийт 1110  автобусны буудал байдаг. Үүнээс 59 нь эцсийн зогсоол. Эдгээрийг дээрх жишиг загварын стандартаар иж бүрэн тохижуулах талаар нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал мэдээллээ.

Мөн энд явган зорчигчдын аюулгүй байдлыг хангасан зам, талбай, гэрэлтүүлэг, камер, стандартын хурд сааруулагч, автобус ирэх, буцах цагийг мэдээлэх цахим ухаалаг самбар зэрэг цогц бүтээн байгуулалт багтаж байгаа ажээ.


АХБ, Японы тогтвортой хөгжлийн сангийн тусламжаар гэр хорооллын үйлчилгээг сайжруулж эхэллээ.


Төслийн нээлтэд оролцсон Япон улсын ЭСЯ-ны дэд тэргүүн Кикүма Шигэрү хэлэхдээ, Японы Ази, Номхон далайн бүсийн Тогтвортой хөгжлийн сан болон “Цахим Ази ба мэдлэгийн түншлэл сан”-гууд нь Японы улсын Засгийн газрын санаачилгаар АХБ-ны дэргэд байгуулагдан байгаль орчинд тэсвэртэй эрс тэс уур амьсгалтай Ази, Номхон далайн улс орнуудад санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлдэг.




Энэ жишгээр Монгол Улсын нийслэлийн хүн амын амьдрах орчинг сайжруулж, тогтвортой хөгжлийг хангах төсөл хэрэгжүүлж байна. Бидний төслийн гол зорилго иргэд оршин суугч нар улс орны, тухайн амьдарч буй засаг захиргаа, дүүрэг, хотынхоо нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоход оршиж байна. Энэ нь их чухал юм гэдгийг хэлэв. Япон улсын дээрх сангүүд бүс нутгийн хэмжээнд 520 төсөлд нийт 120 тэрбум орчим ам.долларын санхүүжилт олгоод буйг мэдээллээ.






 

Холбоотой мэдээ