БАЯНХОНГОР: Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-05-20 11:03:04

Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт энэ сарын 19-ний 22:52 минутад 4.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Энэ нь тус сумын нутагт он гарсаар бүртгэгдэж буй газар хөдлөлтийн хоёр дахь тохиолдол болж байна.


Тодруулбал, 2024 оны гуравдугаар сарын 5-ны 20.48 минутад Баянлиг сумын нутагт 3.5 магнитудын газар хөдлөлт бүртгэгдсэн бол энэ удаагийн 4.3 магнитудынх байлаа. Нутгийн иргэдийн хэлснээр газар хөдлөлтийн чичирхийлэл сумын төвийн ихэнх айлд хүчтэй мэдрэгдсэн бол чичирхийлэл мэдрээгүй гэх хүн ч байна.


Баянлиг сумын удирдлагаас тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэлээ.


Газар хөдлөлтийн талаарх мэдээлэлд Баянлиг сумын цахим хуудсанд нутгийн иргэдийн бичсэн сэтгэгдэл:  


- Их хүчтэй байлаа
- Нэлээд хүчтэй хөдөллөө
-Гал тогооны тавилга дугараад хөлийн улнаас доргилоо
- Өмнөхөөс арай хүчтэй байлаа
- Хүчтэй байсан
- Манайх 3 давхарт байдаг. Илүү их мэдэгдлээ.
-Баянговьд бас хөдөлсөн байх аа. Тавилга дугараад байхаар нь юу билээ гэж бодоод өнгөрлөө

-Юу ч мэдсэнгүй
-Би бас юу ч мэдсэнгүй
-Хөргөгчин дээр байгаа юмнууд сүрхий хөдөллөө
- Харин тийм ээ, янзын хүчтэй байлаа
- Нүргэлээд сүрхий дуугарлаа
-Зайсангийн эхэнд их хүчтэй хөдөллөө. Ортойгоо түрэгдээд явчих шиг боллоо
- Их ч чимээтэй байлаа
- Мэдэгдэм байлаа

- Орон дээр сууж байсан чинь ор аймаар хөдөлсөн
- Буйдан дээр сууж байхад хүн түлхэж байгаа юм шиг л байлаа

- Аягатай цай цалгиад их хүчтэй хөдөллөө
- Сумын төвд айл айлд өөр байсан байна. Манай хүүхдүүд хашааны хаалга онгойлоо гэж бодсон гэнэ. Би дор явсан юу ч мэдэгдээгүй
- Манайх гэрийн зүүн талаас том юм ирээд мөргөчих шиг аймаар доргисон, ор доргисон
- Харин тиймээ хүчтэй доргиж сүрхий дуутай байсан, сонсогдсон... гэхчлэн бичжээ.


Газар хөдлөлт болсон газар зүйн байршил (өргөрөг, уртраг): 44.78 101.06 бөгөөд ойр орших аймаг сумд нь Баянхонгор аймгийн Баянлиг сумын төвөөс зүүн хойд зүгт 32 км, Баянхонгор аймгийн Богд сумын төвөөс зүүн урд зүгт 51 км, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын төвөөс баруун урд зүгт 52 км-т байна.


Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, 10-аас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай байдаг аж.

Сүүлийн жилүүдэд Баянхонгор аймгийн хэмжээнд 3.5-5.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт Баянхонгор, Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан, Бөмбөгөр, Баянбулаг сумын нутаг дэвсгэрт мэдрэгдэж бүртгэгдсэн байна.

Холбоотой мэдээ