“Алтайн өндөр уулс” өвийг ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгүүлэх хүрээнд олон улсын шинжээчид Монголд ажиллажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-24 13:32:00
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл (ICOMOS)-ийн шинжээч Кай Вайс, Дэлхийн байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны шинжээч Сонали Гош нар энэ сарын 14-23-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллалаа.


“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Алтайн өндөр уулс” өвийг ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын үндсэн жагсаалтад бүртгүүлэх тухай тусгасан байдаг. Үүнтэй холбогдуулан “Алтайн өндөр уулс” өвийн номинацийн материалыг холбогдох талуудаас бэлтгэн Дэлхийн өвийн үндсэн жагсаалтад байгалийн болон соёлын ангиллаар бүртгүүлэхээр нэр дэвшүүлэн 2020 оны 9 дүгээр сард Дэлхийн өвийн төвд хүргүүлж байсан юм.


Дэлхийн өвийн төвөөс холбогдох материалын бүрдүүлэлтийг бүрэн хангалттай гэж үзэн, номинацийн дараагийн шат буюу техникийн үнэлгээ хийх шат руу оруулахаар шийдвэрлэсэний дагуу Дэлхийн өвийн болон Монголын үндэсний шинжээчдээс бүрдсэн хамтарсан бүрэлдэхүүн Баян-Өлгий аймагт ажиллав.


Хамтарсан бүрэлдэхүүн Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл, Сагсай сумдын нутаг орших Цагаан салаа-Бага Ойгор, Алтай Таван Богд, Шивээт хайрхан, Хар ямаат, Даян нуур, Хулбайн арал зэрэг байгалийн болон соёлын өвийн хосолсон дурсгалт газруудтай танилцан газар дээр нь ажилласан бөгөөд Монголын талаас Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа, Дэлхийн өвийн төвөөс ЮНЕСКО-ийн дэргэдэх зөвлөх статустай Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл (ICOMOS), Байгаль хамгаалах олон улсын холбоо (IUCN)-ны шинжээчид оролцов.



Холбоотой мэдээ