ЗАВХАН: Багш нар ардын урлагийн өв соёлыг сурталчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-10-07 17:34:18

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн багш нарын урлагийн их наадмын дүн гарчээ.

Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь өдрийг угтаж зохион байгуулсан аймгийн Засаг даргын нэрэмжит “Багшийн хөгжил” урлаг, спортын наадмыг таван төрлөөр зохион байгууллаа.

Наадамд аймгийн боловсролын салбарын 810 багш оролцож авьяас билгээ сорин өрсөлдлөө. Монгол бүжгийн хамтлаг төрөлд тэргүүн байрыг Улиастай сумын цэцэрлэгүүдийн I баг буюу Г.Цэрэндолгор ахлагчтай “Арга билэг” хамтлаг эзэллээ. Харин дэд байрыг Улиастай сумын цэцэрлэгүүдийн II баг буюу Б.Ичинхорол ахлагчтай "Монгол донж" бүжгийн хамтлаг, гуравдугаар байрыг Улиастай сумын Лаборатори Чандмань Эрдэнэ сургуулийн монгол бүжгийн хамтлаг, Тосонцэнгэл сумын Лаборатори нэгдүгээр сургуулийн монгол бүжгийн хамтлагууд эзэлж мөнгөн шагналаар шагнуулав.


Завхан аймгийн ерөнхий боловсролын сургууль бүр дэргэдээ хөгжмийн хамтлагтай болохыг зорьж сургуулиудыг хөгжим техник хэрэгслээр хангах ажлыг өнгөрсөн жилээс хийж байгаа. Тэгвэл суралцагчдын хөгжмийн хамтлагуудыг бэлтгэж, тэдэнд үндэсний болон орчин үеийн хөгжмийн зэмсгүүдийг ашиглаж, тоглож сурах сургалтыг өдөр бүр явуулж байгаа багш нар анхны урлагийн наадамд нэлээд өрсөлдөөнтэй оролцсон. Тухайлбал, сургууль дээрээ үндэсний болон морин хуурын хамтлагтай сургуулиудын багш нарын ур чадварыг үнэлэхэд шүүгчдээс багагүй авьяас шаарджээ.


Ийнхүү үндэсний хөгжмийн цөөхүүл төрөлд тэргүүн байрыг Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн үндэсний цөөхүүл хөгжмийн хамтлаг, дэд байрыг Улиастай сумын III сургуулийн үндэсний цөөхүүл хөгжмийн хамтлаг, гуравдугаар байрыг Цагаанхайрхан сумын бүрэн дунд сургуулийн үндэсний цөөхүүл хөгжмийн хамтлагууд эзэллээ.


Харин морин хуурын хамтлаг төрөлд тэргүүн байрыг Улиастай сумын Дэвшил сургуулийн “Тэнгэрлэг” морин хуурын хамтлаг, дэд байрыг Алдархаан сумын бүрэн дунд сургуулийн “Мөнхөд уянгалах эгшиглэн” морин хуурын хамтлаг, гуравдугаар байрыг Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын II  сургуулийн морин хуурын хамтлагууд эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.  


Ардын язгуур урлагийн төрөлд тэргүүн байрыг Нөмрөг сумын Ерөнхий боловсролын сургуулийн Л.Мөнхсувд ахлагчтай хамтлаг эзэлж, яруу найраг, уран уншлагын төрөлд тэргүүн байрыг Улиастай сумын II цэцэрлэгийн багш Б.Баярбаатар, дэд байрыг Улиастай сумын Ерөнхий боловсролын IV сургуулийн номын санч Ц.Намуундарь нар эзэлж өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнууллаа.  


Харин гоцлол дууны төрөлд тэргүүн байрыг Сантмаргаз сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Ж.Гантөмөр, дуэт дууны төрөлд тэргүүн байрыг Улиастай сумын цэцэрлэгийн I багийн багш Ж.Отгонбаатар, Б.Дагиймаа нар эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.


Завхан аймагт анх удаа зохион байгуулсан багш нарын урлагийн их наадам, багш нарын авьяас чадварыг сорихоос илүү тэднээр дамжуулан ардын урлагийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой болсноороо онцлог байлаа. 


Тухайлбал үндэсний хөгжмийн зэмсгүүдийг тоглолтод бүрэн ашигласан. Монголын ардын бүжгийн төрлүүдийг хамтлаг бүр өөрийн бүтээлдээ шингээж, хэв маяг донж, хөдөлгөөний агуулгыг яв цав илэрхийлж байсан нь мэргэжлийн бүжигчдээс дутахгүй байв. 


Монгол хүн дуу дуулах ухааныг ямар нэгэн багшаар заалгаж сурдаггүй. Хөдөө талдаа хонь малаа хариулж явангаа аялж явсаар нэг л мэдэхэд дуучин болдог. Морин хуурыг өөрийн сонсгол, арга барилаар тоглож, цайгаа чанах, сүүгээ самрах хөдөлгөөн бүр нь бий биелгээ байдаг гэхээр амьдрал өөрөө ардын урлаг юм.

Тиймээс монгол ахуйгаа харуулсан тоглолтуудыг багш нар тайзнаа үзүүлж харуулснаараа залуу хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсан үйл ажиллагаа боллоо гэж аймгийн Соёл урлагийн газраас мэдээлэв. 






Холбоотой мэдээ