ДОРНОД: ЮНЕСКО-д дархлагдсан Тосон хулстай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-06-21 11:55:51

Чойбалсан /МОНЦАМЭ/. Цагаан зээр үгүй бол Дорнод Монголын хээр тал эзэнгүй хоосон нутаг болно гэх нь ч бий. Ерөөс байгальд илүү зүйл үгүй гэдгийг энэ үгс илэрхийлнэ. Амьд амьтдын хөдөлгөөнөөр ургамал цэцэгсийн үр газарт унаж, хөрсөнд булагдаж, ургаж, бас хагдарч мөнхийн эргэлтэд оршдогийг харж, мэдэрч болохуйц газар бол Тосон Хулстай юм.


Тосон хулстайд өвөл, зуны аль ч цагт ирсэн байгалийн хосгүй дүр зураг нүд булаадаг. Нэгэн үе отрын олон малын хөлд талхлагдаж, хадлан бэлтгэлийн гол цэг болчихоод байсан энэ газрыг аймаг орон нутгаас хамгаалалтад авснаар өвөлдөө ажин түжин, зундаа усны шувууд ганганалдан, өвс ногоо халиуран тал нутгийн нэгэн үзэсгэлэнг гайхуулах болжээ.



Дорнод аймгийн Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин сумын нутгийг дамнан оршдог Тосон Хулстайн байгалийн нөөц газарт энэ салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд удаан хугацаанд судалгаа явуулсны үр дүнд ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүлж чадсан нь угтаа Тосон Хулстайг Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд ач холбогдолтой нутаг хэмээн хүлээн зөвшөөрсний илэрхийлэл юм. Ийнхүү ЮНЕСКО-д бүртгэгдсэнээр энэ бүс нутгийг хамгаалах асуудал олон улсын анхаарлын төвд очиж, байгаль хамгаалах чиглэлд илүү өргөн хүрээнд ажиллах боломж нөхцөл бүрдэж байна.

Тосон Хулстай орчимд зургаадугаар сарын сүүлчээр газар давалгаалж буй мэт цагаан зээрийн сүрэг хөндий талыг бүрхэж, хур борооны усаар тэжээгддэг нуур тойрмуудад усны шувууд буудаллан саатдаг. Шилийн сар, цэн тогоруу, ангир, хошуу галуу, шонхор, хээрийн бүргэд гээд 139 зүйл шувуу тархсан гэж үздэг байна. Тиймээс ч ан амьтан ажиглах хүсэлтэй гаднын жуулчдыг нааш хөтөлдөг болсоор багагүй хугацаа өнгөрч байна.

Зам харгуй нь бартаа саад багатай учраас жилийн аль ч улиралд зорчиход саадгүй тул аялал жуулчлалыг зохистой хэмжээнд хөгжүүлэхэд тун зохицсон газар юм. 

Холбоотой мэдээ