ДОРНОГОВЬ: Боржгин байшин

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-07-03 11:29:40

Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн хойд хэсгээр байрлах Даланжаргалан, Айраг, Иххэт, Дэлгэрэх сум бол боржгины өв соёлыг хадгалж үлдсэн нутаг билээ. Ялангуяа Даланжаргалан сумын нутгаар явахад зарим айлын хашаанд үлдэж хоцорсон жижиг байшинг сонирхон үзэхэд ямар ч хадаас ороогүй зөвхөн модны углуургаар эвлүүлж барьсныг анзаарах болно.


Монгол  хүний гарын дүй, ур ухаан, хөдөлмөр шингэсэн энэхүү өвөрмөц сууц эдүгээ нэн ховор үзмэрийн нэг болоод байна. Боржгины өв соёлын нэгээхэн хэсэг боржгин байшингийн онцлог хэв загварын тухай Говьсүмбэр аймгийн “Боржгин өв музей”-н эрдэм шинжилгээний ажилтан Б.Лхагвамаагийн тайлбарласнаар хүргэе.


Боржгин байшин буюу "Чойр" загварын байшин гэж алдаршсан VIII, X, XII, XIV, XVI, XVIII чийний (Чий гэдэг гэдэг нь 0.32см-тэй тэнцүү) хэмжээтэй боржгин байшин бол нүүдэл суудалд тохиромжтой углуурга ховилоор нь салгаж залгаад ердийн хөсөгт ачиж тэгнээд барих газраа угсардаг онцлогтой.


Боржгин байшинг дан болон давхар ястай гэж ангилна. Боржгин байшингийн үүсэл гарвал нь 1778 онд зүүн Чойр хийд байгуулахад барьж эхэлсэн гэж үздэг.


Боржгин байшинг сонирхохыг хүсвэл боржгин өв соёлыг хадгалж үлдсэн Хэнтий аймгийн зарим сум, Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Дундговь аймгийн Өндөршил зэрэг сумаар явахад үзэх боломжтой аж. 

Холбоотой мэдээ