Уул уурхайн бүтээгдэхүүний 49.2 хувийг Гашуунсухайтаар гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-10-09 17:05:38

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн статистикийг авч үзвэл 2022 онд 40.6 сая тонн, 2023 оны эхний найман сарын байдлаар 47.6 сая тонн ачаа тээвэрлэсэн нь 2019 болон 2020 оны түвшингээс давжээ.


Тээврийн төрлөөр нь авч үзвэл 2023 оны эхний найман сарын байдлаарх нийт уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн 84.2 хувийг автотээврээр тээвэрлэсэн нь өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлт юм байна. Тээвэрлэсэн бүтээгдэхүүний төрлөөр авч үзвэл нүүрс тээвэрлэлтийн хэмжээ нийт тээврийн хэмжээнд хамгийн өндөр хувийг эзлэж байгаа бөгөөд 2023 оны наймдугаар сарын байдлаар 92.6 хувийг эзэлсэн юм. Уул уурхайн бүтээгдэхүүний 49.2 хувийг Гашуунсухайт, 19 хувийг Шивээхүрэн, 16.6 хувийг  Замын-Үүд, 6.1 хувийг Ханги, 3.5 хувийг Бичигт боомтоор тус тус экспортод гаргажээ. 2023 онд экспортод гарсан бүтээгдэхүүний 84.2 хувь нь авто замын хилийн 12 боомтоор гарсан байна.


Уул уурхайн бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлтийн чиглэлээр сүүлийн жилүүдэд тодорхой ахиц дэвшил гарч байгааг салбарынхан онцолсон. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 23.6, төсвийн орлогын 24.8, нийт экспортын 93.7, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 82.5 хувийг уул уурхай, олборлох салбар дангаар бүрдүүлж байна.

Холбоотой мэдээ