Газар нутгийн 36 хувьд газрын тосны хайгуул хийсэн ч ашиглалтын талбай 0.08 хувийг эзэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2023-10-11 15:07:34

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын газар нутгийн 36.1 хувьд газрын тосны хайгуул хийсэн ашиглалтын талбай дөнгөж 0.08 хувийг эзэлж байна.


Иймд газрын тосны хайгуулыг цаашид улам эрчимжүүлж, Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахад түүхий тосоор хангах шаардлага байгааг УУХҮЯ-ны ГТБГ-ын дарга Б.Анхбаяр “Монголын уул уурхайн долоо хоног-2023” чуулганд “Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, цаашдын чиг хандлага, өнөөгийн нөхцөл байдал”-ын талаар тавьсан илтгэлдээ тэмдэглэв.  

Гадаадын хөрөнгө оруулагчид газрын тосны хайгуулыг багагүй сонирхдог бөгөөд Сингапурын 3, БНХАУ-ын 4, Хонг Конгийн 1, Австралийн 3 компани хөрөнгө оруулаад байна. Одоогоор ГТБү-ийн орчинд байрлаж байгаа газрын тосны илэрц, нөөцтэй байх Тариач 15, Галба 21, Арбулаг 29, Давст 31, Баянтүмэн 17, Хөхнуур 18 талбайг ялгаад байгаа аж.


Б.Анхбаяр Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа 2050 бодлогын баримт бичигт нефть химийн аж үйлдвэрийг сэргээнэ гэж тусгасан. Иймд газрын тосны хэд хэдэн талбайг эргэлтэд оруулах хөрөнгө оруулагчдыг сонирхож байгаагаа дурдаад, “Газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлаас гарахад ГТБҮ-ийг ашиглалтад оруулах нь хамгийн том зорилго юм. ГБТҮ-ийн үндсэн барилгууд, шугам хоолойг барьж байгаа. Тус үйлдвэр ашиглалтад орноор импортыг 55 хувиар багасгаж, жилд 1.5 сая тн түүхий тос боловсруулж, 1.3 сая тн бүтээгдэхүүн, эхний ээлжинд 24 мянган тонн дизель, 339 мянган тонн бензин, 47 мянган тонн мазут зэргийг үйлдвэрлэнэ. Евро5 ангиллын бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ дотоодын тосоо 100 хувь ашиглаж, 550 орчим ажлын байр бий болгох тоцоо гаргасан.


Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр 5-10 хувиар нэмэгддэг. Тус салбарын хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх нь чухал байгаа. Хэдийгээр Засгийн газар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулдаг ч орон нутгийн иргэд болон ТББ-ын эсэргүүцэлтэй байнга тулгардаг учир энэ ажил жигд үргэлжлэхгүй, бодлого хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байгаа”-г хэлж байв.



Манай улс газрын тосны 334 сая орчим тонн, үүнээс 43 сая орчим тонн ашиглалтын баталгаат нөөцтэй судалгаа бий. ГТБҮ-ийг ашиглалтад оруулснаар 2025 онд 1.3 сая тонн газрын тосыг дотоодод үйлдвэрлэж, 1.17 сая тонн бүтээгдэхүүн импортлох тооцоо гаргажээ. Одоогоор жилд 1.8 сая орчим тонн газрын тосны бүтээгдэхүүн имтортолж, үүнд 1.1 тэрбум орчим ам.доллар зарцуулж байна. Монголын баруун бүсэд 120, хангайн бүсэд 80, зүүн бүсэд 100, говийн бүсэд 700 мянга, төвийн бүсэд 1 сая тн газрын тос хэрэглэдэг бөгөөд үүний 70 хувийг дизель түлш эзэлдэг аж. Газрын тосны импортын 93 хувийг ОХУ, 5 хувийг БНХАУ, үлдсэн хувийг бусад улсаас имортолж байна. Монгол Улсад 1990 оноос газрын тосны эрэл хайгуул эхлүүл, 1993 оноос хойш газрын тосны хайгуул, ашиглалтын салбарт 4.7 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулжээ.

 

 

Холбоотой мэдээ