ӨВӨРХАНГАЙ: МУСТА М.Дүгэрсүрэн: Уртын дуу дуулахын тулд эхлээд өөрөө хүн байх хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-10-13 14:47:14

Арвайхээр, 2023 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/.  2016 онд “Авъяаслаг монголчууд” шоунд монгол ардын уртын дуугаар оролцож, уянгалаг цээлхэн хоолойгоороо үзэгч олны талархлыг хүлээн шилдэг наймд шалгарч байсан уртын дууч, МУСТА М.Дүгэрсүрэнтэй ярилцлаа.


-Та “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож, уртын сайхан дуугаараа олны танил болж байсан. Эцсийн шалгаруулалтын үеэр багагүй дуулиан болж, таныг дэмжсэн, өмөөрсөн хүмүүс тайзыг доргиож байсан нь саяхан санагдана. Тэр үеийг нэхэн санацгаая?

-Уртын дуугаар шоу уралдаанд орох нь бүү хэл, тоглолтын тайзан дээр ч дуулагдахаа байсан тэр үед уртын дуугаа түгээн дэлгэрүүлье, өөрийн хэр хэмжээг ч сорьж үзье гэж зориглоод шоу уралдаанд уртын дуугаараа оролцож байсан. Зарим уртын дуучид намайг "Уртын дуу шоунд дууллаа" гэж шүүмжилж л байсан, бас мэргэжлийн түвшинд зааж зөвлөх, үнэлэх хүмүүс ч байсан. Олон түмэн их дэмжсэн дээ. “М.Дүгэрсүрэн дэмжигчдийн фэн хуудас” гэж үүсгэж, миний тухай мэдээллийг байнга тавьж их урам зориг өгч байсан. 

Гитартай дуулдаг Б.Ихэрсувд гээд жаахан охинтой тунаж үлдээд шүүгчдийн үнэлгээгээр би хасагдаж байсан юм. Тухайн үед үндэсний өв соёл болсон уртын дуугаа гадаадын харь хэлтэй дуунаас дорд үзлээ гэсэн маргаан үзэгчдийн дунд үүсэж байсан.

Миний хувьд шүүгчдийг шийдвэр гаргах үед уйлаад зогсож байгаа жаахан охиныг өрөвдөж, “тэнцчихээсэй дээ, би хасагдсан ч яахав” гэж бодож байлаа. Хасагдсандаа ч баярласан.

Нас харгалзахгүй, төрөл бүрийн авьяастай хүмүүс оролцож болдгоороо онцлог, олон авъяастныг тодруулж, сурталчилж өгдгөөрөө ач холбогдолтой шоу нэвтрүүлэг гэж дүгнэдэг юм. 


-Магадгүй, та том хэмжээний шоу тоглолтод уртын дуутайгаа оролцож, басхүү үндэсний хэмжээнд маргаан үүсгэж чадсаны үр дүнд уртын дуу дахин сэргэж, залуу хойч үеийн сонирхлыг татсан байх гэж би боддог юм.

-Уртын дуугаараа тэмцээнд орсондоо одоо би их баярлаж явдаг юм. Тухайн үед “Энэ уртын дуу чинь үгтэй юм байна шүү дээ” гэж хэлж байсан хүн олон бий.

    Нарийн сайхан хээрийгээ аргамжин сойж унаарай

   Настай буурал ээждээ намрынхаа сард золгоорой гээд сайхан үгтэй байдаг юм байна гээд хэлэхэд нь уртын дуу үнэхээр бүдгэрсэн юм байна, энэ шоугаар дамжуулаад олон түмэнд ойртуулъя гэж бодогдож байсан. Түүнээс хойш уртын дууг хүндэтгэх, тайзан дээр ч, найр наадамд ч дуулах нь ихэссэн юм болов уу гэж бодож баярлаж явдаг даа. Залуучууд ч сурах хүсэл сонирхолтой болсон байна.



-Та уртын дууг хэзээнээс дуулж эхэлсэн бэ?

-Аавын ээж, эмээ маань намайг бага байхад “Хөөрхөн халиун”-ыг амандаа их аялдаг байсан юм. Ээж минь ч сайхан дуулна. Би айлын том хүүхэд, дороо долоон дүүтэй. Аав, ээж минь сум нэгдлийн хоньчин улс болохоор багаасаа малын захад өссөн. Хонины бэлчээрт алдарт уртын дууч Б.Лхамжав гуайн “Жаахан шарга”, Ё.Нямлхагва гуайн “Нарийн сайхан хээр”-ийг, мөн манай Өвөрхангайн С.Цоодол, Д.Баттөмөр гээд олон сайхан дуучдын дууг кассетаар их сонсдог байсан. Байнга сонсоод байхаар чихэнд хоногшоод аяндаа сурчихдаг. Өөрөө бол 20 хүрээд дуулж эхэлсэн. Уртын дуу бол монгол хүний яс, цусанд шингэсэн аялгуу шүү дээ. “чадахгүй” гэсэн кодыг өөртөө өгчихөөд байгаа болохоос дуулъя гэвэл монгол хүн бүр уртын дуу дуулж чадна гэж боддог.


Уртын дуу дотроо төв халх, баянбараат, боржгин гээд олон төрөлтэй. Урлаг судлаачид хэлэхдээ уртын дуу нутаг, нутгийнхаа уул, устай ойр байдаг гэдэг юм. Олон жижиг толгодтой боржгин нутгийн уртын дуу нугалаа ихтэй, говь шанхын уртын дуу уужуу цээлхэн байдаг гээд ярьдаг юм. Дээр үед үнэхээр ийм л байсан байх.


Сүүлийн үед өөрийн хоолойн цар хэмжээнд тааруулан өөрчилж дуулдаг болжээ. Уртын дуу аялгуугаараа айзам, бэсрэг, суман гээд бас олон янз байдаг.



-Та ямар дууг дуулах дуртай вэ, ер нь урын сандаа хэчнээн дуутай вэ?

-Би анх “Жаахан шарга”, “Нарийн сайхан хээр” гэсэн хоёр дууг дуулж байгаад сүүлдээ найр хуриманд дуулах гэж “Эртний сайхан”, “Асарын өндөр” гээд олон дуу нэмж сурсан. Дөч гаруй дуу мэдэхээс хорь орчмыг л дуулж байна.

Уртын дуу өөрөө амьтай, дуулах эзнээ олж төрдөг. Дарьгангын “Жаахан шарга”-ыг хаа байсан Завханы Б.Лхамжав гуай олны сонорт хүргэж чадсан байдаг.


-Уртын дуу эгшиглүүлэхдээ та ямар зүйлийг эрхэмлэдэг вэ?

-Өнө эрт, дээр үеэс өвлөгдөж ирсэн уртын дуугаа дуулахын тулд эхлээд өөрөө хүн байх хэрэгтэй. Хүн шиг хүн байна гэдэг хэцүү. 


 Найрын хоймор уригдаад ерөөл өргөөд дуулахад хуримаа хийж байгаа хосууд миний байдлыг хараад бахдах, баярлах, сэтгэлийн ханамж авах нь чухал юм.  Дуу шигээ уужуу, ухаантай, нуруутай байж тэр сайхан өв соёлыг зөв түгээн дэлгэрүүлнэ. Тийм учраас сайхан дуулахаас илүү зөв дуулах ёстой гэж боддог.


-Та зохиолын дуу дуулдаг уу?

-Солийн Цоодол гуайн зохиолын дуунаас дуулдаг. “Хүү минь хаана дуулж яваа бол”, “Эхийн сэтгэл” гээд сайхан дуунууд бий. Өөр зохиогчдын дууг дуулдаггүй, сонсохын хувьд сонсоноо, сонсолгүй яахав. 


-Дууны уралдаан, тэмцээнд хэр орж байна вэ?

-Сүүлийн үед уралдаанд нэлээн орсон. Дуу хуурын өлгий Дундговьд очиж, МУГЖ Ж.Дүнжмаагийн нэрэмжит уртын дууны уралдаанд гуравдугаар байр, Баянхонгор аймагт зохиогдсон төв халхын алдарт уртын дууч МУСТА Ч.Намжилын нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаанд дэд байр, Н.Норовбанзад гуайн нэрэмжит уралдаанд шилдэг 32-т тус тус шалгарч байв. Өвөрхангай аймагт зохион байгуулдаг МУГЖ С.Сумъяа гуайн нэрэмжит уралдаанд бараг арваад удаа оролцож, олон удаа түрүү байрыг эзэлсэн.

Уртын дуу шинээр дуулж сурч байгаа бол уралдаанд оролцох нь их сайн. Нутаг, нутгийн авьяаслаг дуучдаас их зүйлийг сурдаг.


-Та аймгийнхаа “Шилдэг өвлөн уламжлагч” хүн шүү дээ. Залуу үедээ уртын дууг хэр өвлүүлж байна вэ?

-Шавь нараас маань их, дээд сургуульд соёл урлагийн чиглэлээр суралцаж байна. Нэг үеэ бодвол залуучууд уртын дууг их сонирхдог болсон. Манай аймагт уртын дууг сайхан дуулдаг залуучууд олон бий. “Өөрийгөө голж болохгүй, харин хөдөлмөрлө” гэж захидаг юм. Хоолойны цар чадлаар дуулдаг дуу байхад аргадаж дуулдаг дуу бий. Уртын дуу бүрийг ухаанаараа дуулна. Хүн болгон Н.Норовбанзад, Ж.Дорждагва гуай шиг дуулах албагүй. Хүн дуурайж өөрийнхөө хоолойг эвдээд байдаг. Өөрийгөө нээж, дуугаа ойлгож, өөрийн арга барилыг олсон уртын дуучин төрмөөр байгаа юм даа.


-Та бусад уртын дуучдаас юугаар ялгаатай вэ?

-Малын бэлчээр дээр дуулаад явж байдаг хүнийг дөрвөн жил суралцаад номын дууг нь сонсож, ногоотой шөлийг нь идсэн хүнтэй харьцуулахад тэнгэр, газар шиг ялгаатай байх. Ямар нэг хэв маяггүйгээр, байгаагаараа л дуулдаг хүн шүү дээ, би. Тийм болохоор өөрийгөө мундаг дуучин гэж хэлэхгүй. Доктор А.Алимаа ахыг нь төрмөл сайхан авьяастай хүн л гэж байна билээ.



-Одоогоор та хаана амьдарч байна, юу хийж байна вэ?

-Ах нь 1985 онд анх сургуульд элсэн суралцаад 1990-ээд оны хувьчлалын үеэр мал дээр гарсан. Уянга сумынхаа 5 дугаар багт гуч гаруй жил мал маллаж байна. Бод голдуу 500-гаад тооны малтай. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Хүү маань дөрөвдүгээр ангид сурдаг. Эхнэр маань Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Галсан-Ёндон гэх хүний ач охин нь байгаа юм. Бид түмэн олондоо гэмгүй, ах дүүдээ дараа болохгүй, төр засгаасээ дэмжлэг хүсч гуйгаагүй, мөрөөрөө сайхан ажиллаж, амьдарч байна.

- Танд баярлалаа, сайн сайхныг хүсье.  

Холбоотой мэдээ