Далайн хясаа, шүрээр хийсэн мозайкийг Ром хотоос олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-12-21 17:09:55

РОМ, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /CNN/. Археологичид таван жил малтлага хийсний эцэст Ром хотын Палатин толгодоос тансаг зэрэглэлийн хүлээн авалтын танхимын хананд сайтар хадгалагдаж үлдсэн шигтгэмэл гоёлыг /мозайк/өнгөрсөн долоо хоногт олжээ.


Уг олдвор нь Ромын Форумын (эртний Ром хотын төв)  ойролцоох язгууртны томоохон харшийн нэг хэсэг бөгөөд 2300 орчим жилийн настай гэж тооцоолжээ. Энэ байршилд 2018 оноос хойш малтлага хийж байгаа аж.


Таван метр орчим урт ханыг усан үзмийн мод, бадамлянхуа цэцгийн навч, гурван шүдтэй сэрээ таяг, бүрээ, дуулга, далайн домогт амьтдыг дүрсэлсэн мозайкийг сувд, далайн хясаа, шүр, үнэт шил болон гантиг чулууны хэлтэрхийг ашиглан маш нямбай шигтгэн бүтээжээ. Энэ бүтээлийг полихром талст, цагаан өнгийн хөвсгөр шохойн чулуу болон эртний Египетийн маш чамин цэнхэр өнгийн хавтангаар хүрээлжээ.


Колизейн археологийн паркийн дарга, археологич Альфонсина Руссо хэлэхдээ, эл мозайкийн өгүүлэмж болон гайхалтай сайн хадгалагдсан байдал нь уг олдворыг “хосгүй үнэтэй” болгож байна гэв. Тэнгисийн цэргийн болон хуурай замын тулааныг маш баян язгууртан санхүүжүүлж, улмаар ялалтаа тэмдэглэн ханан дээрээ уг мозайкийг бүтээлгэсэн бололтой гэж тэрбээр онцоллоо.


Мозайкийн өгүүлэмж нь манай төслийн багийнхныг гайхшруулсан. Цагаан чулуугаар чимэглэсэн далайн эргийн хадан цохионы орой дээрх харуулын цамхаг, тагт бүхий ханатай хотыг дүрсэлсэн нь бодитоор оршиж байсан хотын байрлал ч байж болно, эсвэл бодит бус ч байж болно. Мөн дайсны флотыг залгиж буй домогт гардаг далайн мангасуудаас гадна далбаагаа өргөсөн дарвуулт хөлөг онгоцнуудыг дүрсэлсэн байна. 


Археологичид энэ мозаикад ашигласан тансаг бөгөөд тэр үедээ үнэтэй байсан шүрнүүдийг Газар Дундын тэнгис эсвэл Улаан тэнгисээс авчирсан эсэхийг судалж байгаа ажээ. Мөн ховор цэнхэр өнгийн шилэн зуурмагийг эртний Египетийн Александр хотоос авчирсан байж магадгүй юм.


Иймэрхүү зуны цайллагын өрөөнүүд нь зочдын хувьд амарч зугаалах газар байсан төдийгүй харшийн эзний зиндаа, эд баялгийг илэрхийлдэг байсан гэж Ромын эртний эдлэлийн профессор, Ромын Их Сургуулийн мозайк лабораторийн эрхлэгч Марко Росси ярьсан байна.


"Гол төлөв шалыг мозайкаар чимэглэсэн олдворууд бий. Харин энэ удаа нүүрэн талын том ханыг бүхэлд нь мозайкаар чимэглэсэн төдийгүй энэ бүтээл нь маш сайн хадгалагджээ" гэж уг бүтээлийн талаар М.Росси хэлжээ.


А.Руссо болон түүний багийнхан энэ бүтээлийг нэгдүгээр сарын эхээр олон нийтэд дэлгэн үзүүлэхээр төлөвлөж байна. "Бид энэ газрын бусад давхаргад үргэлжлүүлэн малтлага хийнэ" гэж тэрбээр хэллээ.

Холбоотой мэдээ