Энэтхэгт нээсэн шинэ бактерийг Р.Тагүүрийн нэрээр нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
odondarjaa@montsame.gov.mn
2023-12-25 15:53:53

ШИНЭ ДЕЛИ, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /The Times of India/. Энэтхэгийн "Висва-Бхарати" их сургуулийн микробиологичид ургамлын ургалтыг түргэсгэдэг шинэ төрлийн бактерийг тус их сургуулийг үүсгэн байгуулагч, Нобелийн шагналт зохиолчяруу найрагч, нийгмийн зүтгэлтэн Рабиндранат Тагүүрийн (1861-1941) нэрээр нэрлэжээ.


Хөдөө аж ахуйн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн энэхүү бичил биетийг P.Тагүүрийн нэрээр нэрлэсэн байна. Энэхүү нээлтийг хийсэн эрдэмтдийн багийн гишүүн Бомба Дас "Энэтхэгийн агуу зохиолчийн нэрээр амьд организмыг анх удаа нэрлэж байгааг" онцоллоо.


Эрдэмтэд Pantoea Tagorei" хэмээх энэхүү шинэ төрлийн бактерийг нүүрсний уурхайн чулуулгаас илрүүлжээ. Бактери нь фосфор, калийг уусгах чадвартай бөгөөд үр тарианы ургалтыг түргэсгэдэг аж. Шинэ төрлийн бактери нь Энэтхэгийн тариаланчдыг химийн бордооноос органик бордооны хэрэглээнд шилжүүлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэж эрдэмтэд үзэж байна.


"Вишва-Бхарати" нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад энэ онд бүртгэгдсэн Шантиникетан хотын их сургууль юм. 1921 онд Рабиндранат Тагүүр тус их сургуулийг байгуулахад зориулж Нобелийн шагналаасаа мөнгө хандивлаж байжээ. 1951 онд Вишва-Бхарати нь үндэсний хэмжээний их сургууль болж өргөжин одоо 12 хүрээлэн, 16 судалгааны төвтэй ажиллаж байна.

Холбоотой мэдээ