ТӨВ: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянчандмань суманд ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-01-12 16:09:14

Зуунмод.2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянчандмань сумын “Баян” өндөгний үйлдвэртэй танилцав.


“Баян” өндөгний үйлдвэр анх 100 мянган шувуутай үйл ажиллагаагаа эхэлж, тасралтгүй өргөжсөөр 2024 оны эхний байдлаар нэг сая тахиатай томоохон үйлдвэрлэгч болсон байна.     

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал, хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд зарласан гол 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээс Төв аймаг 15 нэр төрлийг орон нутагтаа үйлдвэрлэж байна.


Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар хэлэхдээ, "Төв аймаг Улаанбаатар хотын сүүний хэрэгцээний 45 хувийг, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээний 30 хувийг, жилдээ 58,4 тонн мах бэлтгэж мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээний 40 орчим хувийг, өндөгний 50 хувийг хангадаг.


Цаашид 15 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг 19 нэр төрөлд хүргэх, үйлдвэрлэлийн хувийг нэмэгдүүлэхэд бодлого зорилтоо дэвшүүлэн ажиллаж байна. 


Төв аймаг Улаанбаатар хотын хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр, үйлдвэрүүдийг түүхий эдээр хангахаас гадна боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгон экспортолдог.


Үйлдвэрлэгч аймаг болох, Монгол Улсын Засгийн газрын “Хүнс үйлдвэрлэгч экспортлогч орон болох” зорилтыг хангах түшиц аймаг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна" гэв.      

Холбоотой мэдээ