ӨМНӨГОВЬ: Э.Адьяабаатар: Нутгийнхаа чулуугаар хөөргөө урлах дуртай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-01-31 10:14:36

Даланзадгад, 2024 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Өмнийн говьд Монголынхоо өв соёлыг өвлөн уламжилж түүнийг түгээн дэлгэрүүлэгч олон байдаг. Тэдний нэгэн төлөөлөл хөөрөг урлаач Э.Адьяабаатартай уулзаж мэндлэх, хүндлэх ёсны тод нэгэн илэрхийлэл болсон хөөргийн өв соёл, хэлбэр хийцийн талаар ярилцлаа.


-Хөөрөг зөрүүлэн мэндэлж харилцан ойлголцдог уламжлал дэлхийд хөх толбот монгол үндэстнээс өөр хаана ч байхгүй гэж боддог. Энэ сайхан өв соёлынхоо талаар ярилцаж байгаадаа баяртай байна. Өөрийгөө танилцуулна уу?

-Би Өмнөговь аймгийн Булган сумын харьяат. Одоогоор Даланзадгад суманд эхнэр, хүүхдүүдийнхээ хамт амьдардаг.  Монгол үндэснийхээ хөөргийг урладаг. Мөн чулуу, алт, мөнгөөр гоёл чимэглэл, эдлэлийг сүүлийн арав гаруй жил дагнан хийж байна.


-Ер нь анх яагаад чулуу, алт мөнгөөр хөөрөг болон эдлэл хийхийг сонирхож эхэлсэн бэ?

-Миний хоёр талын удамд гарын уртай хүмүүс их олон. Тодруулбал алт мөнгө, модны мужаан дархчууд байсан. Удам дагаад гэх үү нэг л мэдэхэд өөрийн мэдэлгүй энэ салбарт татагдан ороод арав гаруй жил болжээ.


-Өмнөговь аймгийн хөөрөг урлаачдын бүтээлүүд бусад хөөрөг урлаачдаас хийц, өнгө, чулууны чанар гээд маш олон зүйлээр ялгардаг. Таны хувьд урласан бүтээлээс нь сэтгэлд хүрсэн ямар бүтээл байв?

-Манай аймаг мана чулууны орон шүү дээ. Миний төрсөн нутаг Булган сумаас хойшоо 40 гаруй километр яваад Арц богдын өвөр хоолой байдаг. Тэнд бүх төрлийн мана чулуу их элбэг. Нутгийн малчдаас үнээр нь худалдаад авна. Ер нь мана их гайхамшигтай чулуу. Манай аймгийн хөөрөг урлаачид хөөргийг их сайхан урлаж байгаа нь үнэн. Сүүлийн үед тариат мана гэдэг чулуугаар хөөрөг хийж байна. Миний хувьд хийсэн бүтээлүүдэдээ сэтгэлээ шингээдэг болохоор бүх бүтээл минь үнэ цэнтэй гэж боддог. Би сүүлд Гурвантэс сумын улаан чулууны уурхайд жил гаруй дархнаар ажилласан. Тэгээд Гурвантэсийнхээ улаан чулууг алт, мөнгөн эдлэл, мөнгөн аяга, хөөргийн шахуурга тээг, даалингийн уут гэх мэт зүйлст шигтгэж хийж өгдөг. Ер нь нутгийнхаа чулуугаар л үнэт эдлэлээ хийх дуртай.




-Хөөргийг ихэвчлэн настай хүмүүс, эрэгтэй хүн барьдаг гэсэн ойлголт их түгээмэл байсаар байдаг. Харин Өмнөговь аймгийн хувьд арай өөр ойлголттой. Эмэгтэйчүүд иймэрхүү ганган хийцтэй жижиг хавтаганд хөөргөө хийгээд хэрэглэж байвал зүгээр юм?

-Тийм шүү. Хөөрөг бол монгол ахуйн соёл. Энд байгаа хоёр хөөрөг гэхэд нэг чулууны хоёр талаас гарсан. Чулуу амьтай. Тиймээс нэг нэгэн рүүгээ тэмүүлж байдаг гэсэн бэлгэдэлтэй. Нэг чулууг голоор нь хуваагаад хоёр хөөрөг гарсан, яг ихэр юм шиг. Тэгээд шүрэн толгойтой, алтан нуухтай, пийсүү хавчуургатай гээд хөөрөгт байх бүхий л шинж чанар байгаа. Эгч дүүс баривал их зүгээр, бүгд утга агуулгатай. Манай эмэгтэйчүүд чамин жижиг хөөргүүд их барих сонирхолтой байдаг. Би хөөргийн даалингаа нутгийн оёдолчин бүсгүйчүүдэд захиалаад зүү ороолгуулж хийлгэсэн. Удахгүй болох тэмээчдийн баярт зориулж тэмээн сийлбэртэй орсон буурыг тэмээний эцэг гэдэг утгаар хальсыг нь ашиглан хийсэн. Дээд талын хөөргийн толгойн дээр нь авсан хүнийх нь тамгыг сийлж өгөх юм.




-Түмэн тэмээний баярт хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын зочид яахын аргагүй сонирхох бүтээл байна. Таны хийсэн мөнгөн аяганы онцлог, бусад дархнаас онцгойрох зүйл нь юу байдаг вэ?

-Ноён Сэврэй хийц гэж Өмнөговийнхны алдартай хийц байна. Энэхүү алдартай хийцийг сураад л явж байна. Өөрийнхөө хэмжээнд хийж байгаа. Анх чулуугаар хөөрөг хийчихээд хөөргийнхөө нуухыг хийлгэх гэж хүн гуйх хэцүү байсан. Тэгээд нэг харсан өөрөө хийж болмоор юм шиг санагдсан. Ингээд л алт, мөнгөөр эдлэл хийх ажилд ороод, одоо бүх зүйлийг л өөрөө хийж байна.




-Та хөөргөө ямар чулуугаар ихэвчлэн хийдэг вэ?

-Тариат мана гэж чулуу их гайхамшигтай. Сүүлийн үед миний дуртай чулуу болоод байгаа. Байгаль дээр ямар байсан тэрийг нь жаахан засаад л хөөрөг хийдэг. Бэлгэдлийг нь бодож хийнэ. Ургаж байгаа навч, цэцэг ч юм уу? Гоё шүү дээ, эмэгтэйчүүдэд их зохино.


-Бусад аймагт эмэгтэйчүүд, хүүхдүүд хөөргийг тэр бүр барихгүй. Харин Өмнөговьд бол хүүхдүүд хүртэл өөрийн хөөрөгтэй байдаг?

-Тийм тал бас ажиглагддаг. Хөөргийн хэрэглээ нэг үеэ бодвол эргэн сэргэж байна. Манай Булган суманд ямар ч айлын хүүхэд энэ тариат байна, энэ чүнчиг байна гээд танина. Найман настай балчраас наян настай буурал хүртэл чулууны мэдэгдэхүүнтэй болсон. Чулууны мэдэгдэхүүнтэй болчихоор юм хийж байгаа бидэнд амар болчихож байгаа юм. Заавал тэр хүндээ тайлбарлаад байхгүй.


-Монгол хүний эрх мэдлийг дарах зорилгоор отго жинсэнд нь чулуу болгож анх хөөргийг Монголд оруулж ирсэн гэдэг. Харин өвөг дээдэс мэндлэх, хүндлэх ёс болгож эерэгээр нутагшуулж чадсан талаар түүх байдаг. Гангараа өв хөрөнгө гэхээс илүү мэндлэх, хүндлэх ёсны утга учрыг тайлбарлаж өгөөч?


-Олон янзаар л ярьдаг. Гэхдээ бид өв соёл болгож олон үеэрээ хэрэглэж ирсэн. Бүр эрүүл мэнддээ тустай чулуугаар урлаж байнга биедээ авч явдаг байсан гэх мэт. Хөөрөг зөрүүлэх ёс олон янз. Жишээ нь ажил явдал, уй гашуу тохиолдсон айлд хөөрөг зөрүүлэхдээ толгойг нь дарж өгдөг. Энгийн үед хэзээ ч хөөргийн толгойг дарж хөөрөглөхгүй. Цээрлэдэг юм.  


-Мөртэй хөөрөг гээд яриад байдаг? Юугаараа онцлог вэ?

-Мөр гэхээсээ бад гэж ярьдаг. Эрт үед барьж яваа хөөргийнх нь бадаар тухайн хүнийхээ зэрэг дэвийг тодорхойлж байсан гэдэг. Нэг үгээр хэлэхэд анх уулзаж хөөрөг зөрүүлэхэд л асуух шаардлагагүйгээр ийм албан тушаалтай хүн юм байна гээд мэддэг байсан байх нь.


-Хамгийн анхны хөөргөө хэрхэн урлаж байсан бэ? Хэнээр заалгаж байв? Одоо хэн барьж байгаа вэ?

-Анх 2009 онд цэргээс халагдаж ирээд 2010 онд анхны хөөргөө урлаж байсан. Миний анхны хийсэн хөөргийг манай өвөө Авирмэд гэж хүн барьж байгаа. Улаан чүнчиг норов гэдэг Арц богдынхоо чулуугаар хийж байжээ. Төрөө гээд ах дээрээ очиж хөөрөг хийхийг харж сураад сумандаа очоод бие даагаад хийж эхэлсэн. Булган суманд хоёр гурван жил хийж байгаад Даланзадгад суманд ирж хөөргөө үргэлжлүүлэн хийсээр өдий хүрлээ.




-Арван жилийн турш хэдэн хөөрөг урлав?

-Яг тоолж байгаагүй юм байна. Их олон хөөрөг хийсэн. Ер нь тэгээд ихэнхийг нь л захиалгаар хийгээд худалддаг юм. Манай Арц богдын энгэрийн чулуу бол үнэхээр л сайн хийж чадах юм бол хаа ч гологддоггүй. Хуучны хөөргүүдээ авч үлдээд шинэ цагийн хөөргөө зарж борлуулдаг.


-Та хөөрөг урлаач хүн гэдэг утгаараа цагаан сарын буузандаа азын зоос хийж сар шинээр ирсэн зочинд таарвал өөрийн гар урлалын бүтээлүүдээсээ бэлгэнд өгч урамшуулдаг гэж сонссон?

-Тийм ээ. Ноднин манайх буузандаа зоос хийгээд Ноён Сэврэй хийцийн арван хоёртой аяга өгнө гэж байсан юм. Тэр чинь бас хүний аз, мянга гаруй буузны нэгэнд нь зоос хийгээд тэр таарна гэдэг. Гэвч түрүү жилийн азын зоос өөрт таарчихсан. Энэ жилийн хувьд мөн азын зоос хийсэн. Эрэгтэй хүнд таарвал эрэгтэй хөөрөг, эмэгтэй хүнд таарвал эмэгтэй хөөргөөр тэр хүний азыг нь мялаая гээд төлөвлөсөн байгаа. Түрүү үед бол эмээл хазаартай морь хүртэл бэлэглэж л байсан гэдэг. Тэр хуучныхаа нэг ч гэсэн өв уламжлалыг алдчихгүй юм сан. Өөрөөрөө дамжуулаад үр хүүхдүүдэдээ үлдээх юмсан гэж боддог.


Ярилцсан танд баярлалаа. Таны үйл бүхэн дэлгэрэх болтугай. 

Холбоотой мэдээ