БАЯНХОНГОР: 50 жил тэмээ малласан Ж.Мандах "Улсын аварга саальчин" боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-02-06 10:33:31

Баянхонгор, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянлиг сумын малчин, Ламын гэгээний улаан тэмээний үүлдэр угшлыг хадгалан хамгаалж ирсэн Жарангийн Мандах “Улсын аварга саальчин” боллоо.


Шагналыг УИХ-ын дарга Г.Занданшатар, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, ХХААХҮЯ-ны ТЗУГ-ын дарга Т.Гантогтох нар малчны хотонд нь гардуулан өгөв.



Ж.Мандах Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Готовын Тойвгоон гэргий бөгөөд малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж, эдийн засгийн чанар үзүүлэлтээ дээшлүүлж, олон залуу малчин эмэгтэйчүүдийг сурган, үлгэр дуурайл болж яваа удам дагасан малчин юм. 


1974 онд 8 дугаар ангиа төгссөнөөс хойш Ж.Мандах өнөөдрийг хүртэлх 50 жил зөвхөн тэмээн сүргээ маллан, түүний ашиг шимийг хүртэн амьдарч байна. 


Тэрбээр сүүлийн таван жилд төл малын хохирол, гарз хорогдолгүйгээр тэмээн сүргээ өсгөхөөс гадна хүүхдүүддээ мал маллах арга ухаан, туршлагыг зааж буй юм. Ж.Мандахын ингэ нь сүүний чиглэлээр өндөр үзүүлэлттэй гарч, нэг ингэнээс 2 литр сааль авдаг байна. Тэрбээр ингэнээсээ жилд 35-50 мянган литр сүүг авч, өөрийн хэрэгцээндээ болон зах зээлд нийлүүлэн борлуулдаг аж.

Холбоотой мэдээ