CERN одоогийнхоос гурав дахин том хурдасгуур бүтээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-02-06 13:55:16

БЕРН, 2024 оны хоёрдугаар сарын 6 /DW/. Европын цөмийн судалгааны байгууллага (CERN) эгэл бөөмсийг судлах шинэ хурдасгуур бүтээх төлөвлөгөөгөө танилцууллаа.


Уг хурдасгуур нь одоо ашиглаж буй Адроны их хурдасгуураас гурав дахин том, зургаа дахин илүү хүчин чадалтай байх ажээ. Хэрэв төлөвлөгөө батлагдвал шинэ хурдасгуурыг 2040-өөд онд ашиглалтад оруулна. 


“Future Circular Collider” (FCC) хэмээн нэрлэсэн уг төслийг 2019 онд боловсруулсан бөгөөд одоогийн байдлаар CERN төлөвлөгөө, төсвөө хэлэлцүүлэхээр өргөн бариад байна. FCC нь Адроны их хурдасгуурыг байгуулсан газарт буюу Франц, Швейцарын хилийн бүсэд орших Альпийн нуруунд байрлах ба түүний тойрог нь 100 шахам км, хоёр дахин илүү гүнд байрлах ажээ. Хагас атомын бөөмтэй мөргөлдөх хүч нь 100 тераэлектронвольт байх гэнэ. Адроны их хурдасгуурын энэ үзүүлэлт хамгийн дээд тал нь 14 ТеВ байдаг байна.


Шинэ хурдасгуурыг ашиглан онолын хувьд тодорхойлсон боловч туршилтаар хараахан нээгээгүй харанхуй матери ба харанхуй энергийн салбарт томоохон нээлтүүдийг хийх боломжтой гэж эрдэмтэд үзэж байна. CERN-ийн ерөнхий захирал, профессор Фабиола Жианоттигийн хэлснээр, FCC нь "Орчлонт ертөнцийн талаарх бидний ойлголтуудтай холбоотой физикийн суурь судалгаанд асар том алхам хийх боломжийг олгоно". Урьдчилан тооцоолсноор, FCC-ийг бүтээх өртөг 20 орчим тэрбум евро болох төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ