ТӨВ: "Үндэсний өв соёл-Бидний бахархал” уралдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-02-09 17:28:45

Зуунмод, 2024 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан “Үндэсний өв соёл-Бидний бахархал” уралдаан зохион байгууллаа.    

 

Монголын ард түмний уламжлалт зан үйлийн ач холбогдлыг хүүхэд, залуучуудад ойлгуулах, өв соёлоо өвлүүлэх зорилготой уг уралдаанд Зуунмод сумын Ерөнхий боловсролын сургууль, коллежийн 7 багийн 64 хүүхэд оролцлоо.

 


Оролцогчид оньсон тоглоом эвлүүлэх, тооно туших, угийн бичиг хэн сайн мэдэх вэ АХА тэмцээн, монгол бичгийн өвөрмөц хэллэгтэй үгийг үсэглэх, шагай шүүрэх, хөгжөөнт тоглоомоор өрсөлдөв.

 


Уралдааны нэгдсэн дүнгээр тэргүүн байрыг Зуунмод сумын Политехник коллежийн "Монгол бахархал баг" эзлэв. Дэд байрт Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн "Онх баг", гутгаар байрт Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн "Нүүдэлчин баг", тусгай байрт Зуунмод сумын 5 дугаар сургуулийн "Адуучин баг" тус тус шалгарлаа.

 


Тэмцээний оролцогч Хүмүүн цогцолбор сургуулийн сурагч Б.Хулангаас тодруулахад, “Энэ тэмцээнд оролцсоноор мэддэггүй байсан монгол ёс заншил, уламжлал тэр дундаа ардын тоглоом наадгай, ургийн бичгийн талаар мэдлэгтэй боллоо. Найзуудтайгаа баг болоод үеийнхээ хүүхдүүдтэй өрсөлдсөн болохоор хөгжилтэй сайхан байлаа” гэв. 




Холбоотой мэдээ