БАЯН-ӨЛГИЙ: Цасан нурангид өртсөн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-02-15 16:01:49

Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 11 дүгээр багийн иргэн А, Х нар энэ сарын 12-ны өдөр Төгрөг хэмээх газарт отроор явж байгаад уулын цасны нуралтад өртөж, цасанд дарагдсан тухай мэдээлэл тус сум дахь Эрэн хайх, аврах бүлэгт тухайн өдрийн 18.50 цагт иржээ.


Мэдээллийн дагуу Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид энэ сарын 13-ны өдрийн 02.00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Цасан нурангид өртсөн гэх 29 настай, эрэгтэй Х-г эсэн мэнд олж, Дэлүүн сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн. Харин 26 настай, эрэгтэй А-г эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.


"Оторт байсан 2 залуу үхэр хариулахаар явж байгаад цасан нурангид өртсөн. Нэг нь нурангиас эсэн мэнд гарч, 4-5 цаг алхаж доор өвөлжиж байсан айлуудад мэдээлэл хүргэсэн байна. Мэдээллийн дагуу яаралтай арга хэмжээ авч, 20 минутын дотор сумын Эрэн хайх, аврах бүлэг, Мэргэжлийн ангийн алба хаагчдыг 2 машинаар илгээсэн. Харамсалтай нь нэг иргэн одоог хүртэл олдоогүй" гэсэн мэдээллийг сумын Засаг дарга Б.Серикбол хэллээ.  


Аймгийн Онцгой байдлын газраас энэ сарын 14-ний өдөр эрэн хайх нэмэлт бүлэг илгээсэн. Одоо Онцгой байдлын газрын аврах баг, сумын Эрэн хайх, аврах бүлэг, Мэргэжлийн ангийн 30 алба хаагч осол болсон газарт ажиллаж байгаа. Түүнчлэн Дэлүүн сум болон аймгийн төвөөс ч сайн дурынхан очиж эрэн хайх ажиллагаанд оролцож байна. 

Холбоотой мэдээ