ДОРНОД: Ноднин Чух нуурт 650 мянган шувуу бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-02-19 20:37:50

Чойбалсан, 2024 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Ноднин Дагуурын бүс нутаг гандуу байснаас Чух нуурт өмнөх жилүүдийнхээс олон эргийн шувуу цугласан байна. 


Ноднингийн хавар, намрын саруудад Чух нуурт нийт 162 зүйлийн 650 мянга гаруй шувуу бүртгэгдсэнээс Улаанхүзүүт шумбуур, Алаг шунгаач, Халзан түнжүүр, Бор нугас, Халтар шунгуур шувуу хамгийн олон байжээ.


“Чух” шувуу судлалын суурин ноднин 5-6 дугаар сарын сүүл хүртэл, 7 дугаар сарын 20-ноос есдүгээр сарын 28-ны хооронд Чух нуурын нүүдлийн эргийн болон усны шувуудад мониторинг хийсэн байна. Энэ хугацаанд өмнөх жилээс дөрөв дахин олон шувуу барьж бөгжилжээ.


Сонирхуулахад, хаврын судалгааны хугацаанд 16 зүйлд хамаарах 59 бодгаль эргийн шувууг барьж хэмжилт хийхэд Бүрдний хөгчүү, Шугуйн хөгчүү, Улаанхөлт хөгчүү зэрэг шувуу зонхилсон байна. Харин намрын судалгааны хугацаанд 23 зүйлд хамаарах 272 бодгаль баригдсанаас Шугуйн хөгчүү, Нарийн хиазат, Улаанхөлт хөгчүү зэрэг зүйл зонхилжээ.


Дээрх хугацаанд Мадагаскар тутгалжин, Дорнын өрөвтас, Урт сүүлт хайлгана зэрэг дөрвөн зүйлийн шувууг шинээр бүртгэсэн байна.





ДОРНОД: Чух нуурт олон тооны нүүдлийн шувууд бууж амарч, хооллодог (montsame.mn)

Холбоотой мэдээ