БАЯНХОНГОР: Нутгийн зөвлөлүүд хамтарч малчдад тусална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-02-21 13:00:34

Баянхонгор, 2024 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. ХVII жарны модон луу жилийн шинийн 11-ний билэгт сайн өдөр Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ хамтран Нутгийн иргэдийн сар шинийн золголтыг зохион байгууллаа.


Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн өнөөгийн нөхцөлд малчин түмэндээ туслах идэвх санаачилгыг дэмжих, нэмэгдүүлэх хүрээнд зохион байгуулж буй тус үйл ажиллагаагаар нутгийн зөвлөлүүд хамтарч малчдад туслах аян өрнүүлэхээ илэрхийлж, уугуул суугуул иргэдээ нэгдэхийг уриалав.


Золголтыг Нутгийн зөвлөлийн дарга Ш.Алтанбагана нээж, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат мэндчилгээ дэвшүүлж, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан УИХ-ын дарга Г.Занданшатарын илгээлтийг уншиж сонордууллаа. Золголтод Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг нарын алдар цолтнууд  хүрэлцэн ирсэн байна.


Мөн үеэр Хонгор нутгаас гаралтай уран бүтээлчид Хонгор нутгийн малчдадаа туслах аянд хүн бүр сэтгэлийн дэмээ хайрлахыг уриалж, ая дуугаа өргөн барив. Сумдын нутгийн зөвлөлүүд тус тусын төлөвлөлтийн хүрээнд малчдад туслах аяныг өрнүүлэхээ мөн үеэр илэрхийллээ.


Золголтын үеэр аймгийн ИТХ-ын тогтоолоор Эрдэнэцогт сумын харьяат, Хөдөлмөрийн баатар Бямбын Дорж, Баян-Овоо сумын харьяат, ардын багш Гончигийн Лхаахүү, Жинст сумын харьяат, урлагийн гавьяат зүтгэлтэн Соном-Ишийн Юндэнбат нарт Баянхонгор аймгийн Хүндэт иргэний батламж гардууллаа. 


Золголтоор зохион байгуулсан үндэсний хүчит бөхийн барилдаанд Цэргийн арслан Г.Жамбалдорж түрүүлж, Улсын начин Э.Батмагнай үзүүрлэв.
















Холбоотой мэдээ