ДОРНОД: Хавирга-Архашаатын боомтоор хүрэн нүүрс экспортолж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-02-21 15:19:22

Чойбалсан, 2024 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Ковидын дараа хил нээгдсэнээр Хавирга-Архашаатын боомтоор анх удаа хүрэн нүүрс экспортолж байгаа юм. 


Дорнод аймаг дахь Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга: “Ноднин жилийн нэгдүгээр улирлын тээвэрлэлтийг тухайн оны бусад улиралтай харьцуулахад бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт 221 хувиар өсөж, энэ үзүүлэлтээрээ Хөшигтийн хөндийн дараа эрэмбэлэгдсэн” гэв. 


Дорнод аймаг урд, хойд хөрштэйгээ хамгийн олон буюу хилийн таван боомтоор холбогддог. Өнгөрсөн онд Баянхошуу боомтоор 640 импортын бүрдүүлэлтээр 17230 тн бараа импортолж, 139 гаалийн бүрдүүлэлтээр 4630 тн бараа экспортолжээ. Түүнчлэн тус боомтоор 569 мянган тн газрын тос, 3400 тн хүрэн нүүрс гаргасан байна. 


Сүмбэр-Рашаантын боомтоор хөнгөн блок зэрэг 7 нэр төрлийн бараа импортолж, зургаан мянга орчим төмрийн хүдэр экспортолсон бол Эрээнцавын боомтоор АИ-92 автобензин 33 мянган тн, АИ-95 автобензин 171 мянган тн импортолж, экспортод 16 мянган тн хар тугалганы баяжмал, 56 мянга гаруй тн цайрын баяжмал гаргасан гэж Хилийн боомтын захиргаанаас мэдээлэв.


Харин Ульхан боомтоор өнгөрсөн онд импорт болон экспортын барааны бүрдүүлэлт хийгээгүй гэлээ.

Холбоотой мэдээ