“Ниссан”, “Хонда” цахилгаан машин үйлдвэрлэхэд хамтарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-03-15 14:34:23

ТОКИО, 2024 оны гуравдугаар сарын 15 /Kyodo/. Японы автомашин үйлдвэрлэгч “Ниссан Мотор”, “Хонда Мотор компаниуд зардлаа бууруулах, өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор цахилгаан автомашин үйлдвэрлэх иж бүрэн хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар хэлэлцэж байгаа тухай энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалж өнөөдөр мэдээлжээ.


Автомашин үйлдвэрлэгчид өөрсдийн цахилгаан автомашины үндсэн эд ангиудыг солилцохын зэрэгцээ эд ангиудыг хамтран худалдаж авахаар төлөвлөж байгаа ажээ. Хамтын ажиллагааны санамж бичигт ойрын хугацаанд гарын үсэг зурах төлөвтэй байгааг эх сурвалжууд хэлсэн байна. Хоёр компани баасан гарагт хамтарсан хэвлэлийн бага хурал хийнэ гэдгээ мэдэгджээ.


Талууд дэлхий даяар цахилгаан автомашины зах зээлийн өрсөлдөөн ширүүсэж байгаа үед хамтран ажиллах яриа хэлэлцээ хийж байна. Дэлхийн улс орнууд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулахыг зорьж байгаатай холбоотойгоор олон зах зээлд бүрэн цахилгаан автомашины борлуулалт нэмэгдсээр байгаа юм.


Дээр дурдсан компаниуд энэ салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь Америкийн “Тесла”, Хятадын “Би-Вай-Ди” зэрэг томоохон компаниудтай өрсөлдөх Японы хүчирхэг түншлэлийг бий болгоно.


Өртөг ихтэй цэнэг хураагуур болон бусад боловсронгуй системүүд бүхий бүрэн цахилгаан машиныг бүтээхэд зардлыг бууруулах нь нэн чухал юм. Ниссан-ы хувьд “Хонда”-тай түншлэх нь Францын “Рено”, Японы “Мицүбиши Моторс”-той хамтран ажиллахад анхаарч буй одоогийн цахилгаан машины стратегид нь өөрчлөлт орно гэсэн үг юм.


Өнгөрсөн онд “Ниссан компани цахилгаан машиныхаа загваруудыг өргөжүүлэх үүднээс “Рено”-гийн шинэ компани болох “Ампер”-т хөрөнгө оруулахаар шийдсэн боловч тус компани зах зээлийн таагүй нөхцөл байдлаас шалтгаалан нийтэд санал болгон үнэт цаас гаргах ажиллагаагаа нэгдүгээр сард цуцалжээ.  


Үүнээс гадна автомашинаа дотооддоо бүтээхийг илүүд үздэг байсан Хонда” компанийн хувьд сүүлийн жилүүдэд “Сони Групп”, “Женерал Моторс” зэрэг бусад компаниудтай цахилгаан машины салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа ажээ.

Холбоотой мэдээ