ДОРНОГОВЬ: Зуун дамжсан "Хөөрхөн борлог" дууны хөшөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-04-29 15:59:50

Сайншанд, 2024 оны дөрөвдүгээр сарын 29  /МОНЦАМЭ/. Иххэт сумын төвд "Ээжээ дурсана" хэмээх нэгэн дууны хөшөө бий.


Эл хөшөөг Иххэт сумын түүхт 90 жилийн ойгоор бүтээжээ. Ард түмэнд ардын дуу болтлоо хоногшсон энэхүү дууны аялгууг Иххэт сумын уугуул хөгжмийн зохиолч Дашдонойн Пунцагбал, дууны шүлгийг яруу найрагч Лувсандамбын Хуушаан зохиожээ.


Түүх өгүүлэхэд, Хуушаан гуай Ардын жүжигчин Нямын Цэгмидийн жолооч байсан бөгөөд нэгэн удаа Налайх руу нүүрсэнд явж байгаад довон чинээ том нүүрс дээр халтирч гишгэхэд бакиал гутал нь задарчихжээ. Өвлийн хүйтэнд өмсөх гуталгүй болсон түүнд гэнэт ээж нь бодогдож багадаа унадаг байсан борлог морио санагалзаж, гэнэт л энэ дууны шүлэг орж ирсэн гэдэг.


Харин дууны шүлэгт ая зохиолгохоор Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаад өгөхөд ЗХУ руу ажлаар явах үе таарчээ. Ингээд эл дууны хөгжмийг Дашдонойн Пунцагбал хувь зохиолоор тааруулсан байна.


Тухайн үед Пунцагбал гуай Төв аймгийн Соёлын ордны найрал дууны багшаар ажиллаж байсан бөгөөд анх Төв аймгийн Лүн сумын урлагийн гурав хоногийн тоглолтод дуулж эхэлснээс хойш хурим найр, баяр наадам цэнгэл бүрд өвгөд хөгшид, хүүхэд залуус хүн бүхэн "Хөөрхөн борлог"-оо дуулаарай гэдэг болж, эдүгээ зууныг дамжин ардын дуу болон алдаршсан байна.

Холбоотой мэдээ