ХОВД: Боловсролын инновац технологийн талаар туршлага солилцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-30 12:25:49

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/.  Нийслэлийн ерөнхий боловсролын Үй Цай сургуулийн үүсгэн байгуулагч Д.Баяраа, Д.Цэцэгмаа, МХУЗ-ын багш Б.Сарантуяа нар Ховд аймагт ажиллалаа.  

Тэд МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн багш нар болон багш мэргэжлээр суралцаж буй III-IV дамжааны оюутнуудтай “Хос хэл дээрх сургалтын технологи, зохион байгуулалт" сэдвийн хүрээнд уулзалт хийсэн байна. 

Энэ үеэр сургалтын үзэл баримтлал, агуулгын гүнзгийрүүлсэн ба ахисан түвшин, хос ба олон хэл дээрх боловсролын олон улсын туршлага, сурагчдын бүтээлч сэтгэлгээ, суралцахуйн чадварын хөгжлийг дэмжсэн боловсролын инновац технологийн талаар туршлага солилцов. 

Мөн оюутнуудад гадаад хэлээр (англи, орос) онол арга зүйн ном, сурах бичиг, нийтлэл, гарын авлагаас ашиглаж сурах нь чухал болохыг зөвлөлөө. 

Үүнээс гадна Ховд аймгийн ерөнхий боловсролын долоон сургуулийн бага ангийн багш нарын төлөөлөл 30 гаруй хүнтэй уулзаж, “Pisa ба сурагчдын функциональ чадварыг хөгжүүлэх сургалтын стратеги” сэдэвт сургалт зохион байгуулж, боловсролын инновац технологийн талаар туршлага солилцжээ.  

Талууд цаашид эх хэлний сургалтад хэрэглэх үргэлжилсэн үгийн ба ердийн эхийн сан бүрдүүлэх, сурагчдын бүтээлч сэтгэлгээ, бие даан эх сурвалжтай ажиллах суралцахуйн хөгжлийг дэмжиж, “Би судлаач” хөтөлбөрийг цахим сургалтаар дамжуулан хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгдэв.  

Мөн Үй Цай сургуулийн багш нарын бүтээл болох “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төслийн болон судалгааны үйл ажиллагаа” (Онол ба практик, “Үзүүлэн дэмжихүй” (Аиутист хүүхэдтэй ажиллах гарын авлага) зэрэг номыг МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн Сурган сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч Б.Дорж, БШУГ-ын бага боловсролын мэргэжилтэн Э.Бат-Эрдэнэ нарт бэлэглэж, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг дэмжин хамтын ажиллагааг эхэлж буйд талархал илэрхийллээ. 

Уг сургалт, уулзалт энэ сарын 26-27-ны өдөр Ховд аймгийн төвд болсон юм.   


Холбоотой мэдээ