Японы нэрт төгөлдөр хуурч Фүжико Хемминг таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2024-05-02 13:50:06

ТОКИО, 2024 оны тавдугаар сарын 2 /Kyodo/. Японы нэрт төгөлдөр хуурч Фүжико Хемминг 92 насандаа таалал төгссөн талаар түүний нэрэмжит сан пүрэв гарагт мэдэгджээ. 


Сонсголын чадвараа түр алдаж байсан түүнийг хожуу танигдсан төгөлдөр хуурч хэмээдэг байсан бөгөөд Унгарын алдарт хөгжмийн зохиолч Ференц Листийн “Ла Кампанелла” аяыг тоглосноороо олонд танигдаж байлаа.


Фүжико Хемминг АНУ-ын Нью-Йорк хотын алдарт “Карнеги Холл”-ын тайзнаа уран бүтээлээ толилуулж байсан юм. Тэрбээр гуравдугаар сард нойр булчирхайн хорт хавдартай гэж оношлогджээ.


“Эмнэлэгт хэвтэж байхдаа ч тэрбээр төгөлдөр хуур тоглон баяр баясгалан, тайвшралыг олж авч байсан” гэж дээрх мэдэгдэлд дурдсан байна. Төгөлдөр хуурчийг эцсийн замд нь үдэх ёслолын талаар удахгүй мэдээлэх ажээ.


Ф.Хемминг Германы Берлин хотод уран барилгач мэргэжилтэй швед аав, төгөлдөр хуурч япон ээжийн гэр бүлд төрсөн байна. Эцэг эх нь түүнийг хүүхэд байхад Японд нүүж иржээ. Таван настайгаасаа эхлэн ээжээсээ төгөлдөр хуур сурч эхэлсэн тэрбээр сурагч байхдаа тэмцээнд оролцож шагнал хүртэж байв. Мөн нэр хүндтэй багш Леонид Кройцерээр төгөлдөр хуурын хичээл заалгаж байжээ.


Токиогийн Урлагийн их сургуулийг төгссөнийхөө дараа Ф.Хемминг 28 настайдаа Европт буцан ирж, Берлин, Венад суралцжээ. Тэрбээр нэгэн тоглолтынхоо өмнөхөн нэг чихнийхээ сонсголыг түр хугацаагаар алдаж байсан нь ханиадны эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой байжээ. Чихний эмчилгээ хийлгэж байх хугацаандаа тэрбээр хөгжмийн академид багшлах эрхийн гэрчилгээ авч, түүнээс хойш багшлахын хажуугаар Европт тоглолтоо хийсээр байв.


“Эн-Эйч-Кей” телевиз 1999 онд түүний амьдралын талаар баримтат нэвтрүүлэг хийсэн бөгөөд тэрбээр 60 гаруй насандаа алдар нэрд хүрч, олонд танигджээ. Ж.Хеммингийн олон сая борлуулалттай анхны цомог Ла Кампанелла нь 2000 онд Японы Gold Disk Awards шагнал гардуулах ёслолоос Оны шилдэг сонгодог цомог” шагналыг хүртэж байсан юм. Тэрбээр энэхүү нэр хүндтэй шагналыг дахин гурван удаа хүртсэн байна. Ж.Хемминг олон удаа бие даасан тоглолт хийж байсан бөгөөд Москвагийн Филармонийн оркестр зэрэг олон улсын оркестр, хөгжимчидтэй хамтран ажиллаж байлаа.

Холбоотой мэдээ