БУЛГАН: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1000 сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-05-10 10:57:22

Булган, 2024 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд “1000 сургагч багш бэлтгэх” сургалтыг тавдугаар сарын 9-нд Булган аймагт зохион байгууллаа.




БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дэмжлэгтэй БШУЯ, МУИС-ийн Ойн хүрээлэн, Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Булган ХААИС-ийн политехник коллеж, “Тайгын үндэс” ХХК хамтран ажилласан байна.

Энэ сургалтад 16 сум, 1 тосгоны төлөөлөл 35 хүн оролцож, Сургагч багшийн эзэмших чадваруудыг танхимаар болон дадлага ажлаар сурсан байна. Сургалтаар модыг ямар газар тарих, яаж арчлах, хамгаалах, хөрсөө хэрхэн боловсруулах,  тарих мөчир яаж бэлдэж тариалалтад гаргах чиглэлээр 3 өдөр хамтран ажилласан байна.

Булган аймагт шилмүүст навчит бүх төрлийн мод маш сайн ургадаг бөгөөд сүүлийн жилүүдэд монос, гүйлс, буйлс зэрэг цэцэглэдэг мод илүү тарьж байна.  

 

Булган аймаг "Тэрбум" мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 онд 1513 өрх 26692 мод, 461 аж ахуйн нэгж ногоон байгууламжид 133 687 мод тус тус тарьж, 52300 м.кв талбайг хашиж хамгаалан зүлэгжүүлж, ногоон байгууламжийн хэмжээг 15 хувиар нэмэгдүүлжээ.



Харин 2024 онд “Тэрбум мод таны тарьсан нэг модноос эхэлнэ” уриатайгаар өрх бүр гурван мод тарихаар бэлтгэл хангаж байна.

 


Тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг тавдугаар сарын 10-нд Спортын ордны өмнөх талбайд, тавдугаар сарын 11,12-ны өдөр Чин Ван Ханддоржийн талбай болон Жаргалан супермаркетын өмнөх талбайд гаргана. 





Холбоотой мэдээ