ХОВД: “Яргуй-2024” хүүхдийн урлагийн наадам эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-05-10 16:08:09

Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Яргуй-2024” хүүхдийн урлагийн наадам өнөөдөр эхэллээ.  

Орон нутгийн хүүхэд, өсвөр үеийг дэмжих, хөгжүүлэх зорилготой тус наадамд Ховд аймгийн 17 сумаас 6-18 хүртэлх насны 500 орчим хүүхэд оролцож байна.

Тус наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд наадамд оролцогчийн тоо өмнөх жилээс нэмэгджээ

Мөн наадмын нээлтийн үеэр орон нутгийн хүүхдүүд угсаатны онцлогийг илэрхийлсэн үзүүлбэр сонирхуулсан бол Ховд аймагт амьдарч буй гадаад хүүхдүүд (АНУ, Бразил, Норвеги улс) өөрийн улсын хэл, соёлоо сурталчилснаараа онцлогтой.

Наадмыг "Хүүхдэд ээлтэй-хүний хөгжлийг дэмжих жил" уриалгын хүрээнд өрнүүлж байгаа ба ерөнхий зохион байгуулагчаар Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Хүүхдийн төлөө зөвлөл зэрэг байгууллага хамтран ажиллаж байна.   

Яргуй наадмын үйл ажиллагаа одоогоор хэвийн үргэлжилж байна. Мэргэжлийн шүүгчийн үнэлгээгээр дуу, бүжиг, хөгжим, язгуур урлаг гэсэн дөрвөн төрлөөр шилдэг оролцогчийг тодруулах юм. 

Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, цаашлаад урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол олгох, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд тус наадам чухал ач холбогдолтой.

Наадмын үйл ажиллагаа маргааш дуусна.
  



Холбоотой мэдээ