225 мянга гаруй нэр, нууц үг хулгайлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
mn_montsameuser@montsame.mn
2015-09-05 13:42:28

ВАШИНГТОН. /BBC/. БНХАУ-ын хакерууд “Apple” компанийн бүртгэлийн системээс 225 мянга гаруй нэр болон нууц үгийг хулгайлсан байна.

АНУ-ын сүлжээний аюулгүй байдлын “Palo Alto Networks” компани “Apple”-ийн төхөөрөмжүүд дээр илэрсэн сэжигтэй үйл ажиллагааг шалгаж байхдаа дээрх хэргийг илрүүлжээ.

Хохирогчдын дийлэнх нь БНХАУ-аас гаралтай “KeyRaider” программд өртсөн байна. Мөн 17 орны “iPhone” хэрэглэгчид үүнд өртсөн гэж “Palo Alto Networks” компани мэдэгджээ. Мөн тус компанийн үзэж байгаагаар, “Apple” компанийн бүртгэлийн санд халдсан хамгийн том хэрэг энэ ажээ.

Уг программ нь жэйлбрөк хийсэн “iPhone”-дээр ашиглаж байгаа программд өөрчлөлт оруулж байгааг “Palo Alto Networks” компани олж мэджээ. Жэйлбрөк хийсэн “iPhone” нь “Apple” компанийн “app store”-оос эх сурвалжгүй аппликэйшн суулгаж болдог байна. Энэ нь хүмүүст үнэгүй аппликэйшн утсандаа суулгах боломжийг олгодог ажээ.

“Palo Alto Networks” компанийн “KeyRaider” гэж нэрлэсэн энэ уршигт программ нь нэвтрэх нэр, нууц үг болон бусад мэдээллийг тандаж байдаг бөгөөд тандсан мэдээллийг уг программын ард байгаа хакеруудын ажиллуулдаг сервер лүү илгээдэг байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд