ОРХОН: Зусланд амрангаа монгол ахуйтай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-07-04 17:03:16
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Монгол ёс заншил, соёл уламжлалаа залуу хойч үедээ танин мэдүүлэх зорилгоор “Ёс заншлын цогцолбор”-т хөдөлмөр зусланг ажиллууллаа. Зусланд 9-17 насны 46 сурагч амарсан юм. Тэд уламжлалт мал аж ахуй, газар тариалан эрхлэх,  сүү, цагаан идээ болон  малын гаралтай бүтээгдэхүүнийг дахин боловсруулах явцтай танилцав. Амрагчид 7 хоног “Ёс заншлын цогцолбор”-т байрлаж өдөр бүр тусгай хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаанд оролцож байв. Тэд үнээ сааж, мал маллаж, хонь хяргаж, ноос боловсруулж, тэмээгээр нүүдэллэж, ногоо тарьсан юм. “Хөдөлмөр” зуслангийн амрагчидтай уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.

Э.Хулан: Ногоо тарьж  ургуулах талаар ямар ч ойлголтгүй  байсан


Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 9г ангийн сурагч Э.Хулан ангийнхантайгаа хамт “Хөдөлмөр” зусланд амрангаа суралцаж, хөгжилтэй өдрүүдийг өнгөрөөн дурсамж бүтээхээр зорин иржээ.

Э.Хулан суурин газар төрж, өссөн учраас уламжлалт ахуйн соёл, ёс заншлаас хөндий төдийгүй өмнө нь ногоо тарих, гэр барих, нүүдэл хийх талаар ойлголт муутай ирсэн тухайгаа ярилаа. Тэрээр зуслангийн эхний өдөр бүлгийн хүүхдүүдийн хамт ногоо тарьж, түүнийгээ услан, шинэ ногоогоор хоол хийж үе тэнгийн найз нөхдөө дайлжээ. Тэрээр "Хөдөлмөр" зусланг зорин ирснээр хөлс, хүчээр бүтсэн зүйл хичнээн үнэ цэнтэй болохыг ойлгож авсан тухайгаа онцолж байлаа. 

 

Б.Мөнхнаран: Хэн илүү хөдөлмөрлөнө тэр илүүг хүртдэг юм билээ    

       

Амрагчид нэг өдрийн турш цагаан идээ боловсруулах, хонь хяргах, үнээ сааах, мал маллах гээд малчин айлын тасралтгүй үргэлжлэх их ажлын захаас суралцаж өнгөрүүлжээ. 

“Мал маллах нь ажилсаг хүний л ажил юм. Хэн илүү хөдөлмөрлөнө тэр илүүг хүртэнэ” хэмээн ярих энэ охиныг Б.Мөнхнаран гэдэг. Малчны хотонд өнжихдөө хонь хяргах их ажилд хуваарилагдаж, оногдсон үүргээ ч амжилттай биелүүлжээ.
Хүүхдүүд өөрсдөө гэрээ барьж, тэмээгээр нүүдэллэж,  үндэсний хувцсаараа гоёж, эсгий болон цаасан урлалаар бүтээл хийж өнгөрүүлсэн нь хэзээ ч мартагдахгүй боллоо хэмээн ярьсан юм.


А.Тэмүүжин: Монгол гэрээ бариад сурчихвал хаана ч амьдрах чадвартай болчих юм шиг санагдсан


Амрагч хүүхдүүдийн төлөөлөл А.Тэмүүжин бидэнтэй сэтгэгдлээ  хуваалцлаа. Цагдаагийн академид элсэн суралцах хүсэлтэй түүний хувьд хамгийн их таалагдсан хөтөлбөр нь “Эх оронч” буюу Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн нэг өдөртэй танилцсан  өдөр байлаа. 
Тэрээр хэлэхдээ, “Зуслангийн хөтөлбөрт эх оронч үзэл төлөвшүүлэх нэг өдрийн үйл ажиллагаа зохион байгуулсан нь маш их таалагдсан. Амралтын дөрөв дэх өдөр биднийг Зэвсэгт хүчний 186-р анги, Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцуулсан. Танканд суугаад их бууг нь хөдөлгөж үзэх мөчид маш их сэтгэл хөдөлсөн” гэлээ. 

Мөн “Бид өөрсдөө гэр барьж сурсандаа их олзуурхаж байгаа. Эр хүний замын хүзүү урт гэдэг хаана ч явсан гэрээ бариад амьдрах чадвартай боллоо. Өмнө нь гэр барих тухай нэг ч ойлголтгүй байсан. Энэ зусланд ирсэндээ маш их баярлаж байна” хэмээн ярилаа.

Орхон аймагт анх удаа зохион байгуулсан “Хөдөлмөр” зусланг “Ёс заншлын цогцолбор”-ыг  санаачлагч С.Ганцогт удирдан чиглүүлж анхны амрагчдаа авсан юм.

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ