АРХАНГАЙ: Шивэртийн амны цогцолбор дурсгалыг улсын хамгаалалтад оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-03-01 20:05:05

Эрдэнэбулган, 2024 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. “Улсын хамгаалалтын зэрэглэлд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д 197 дурсгал бүртгэлтэй байдаг байна.


Хоёрдугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг жагсаалтад 12 дурсгалын зэрэглэлийг ахиулсан юм. Эдгээр дурсгалуудыг холбогдох журмын дагуу эрдэмтэн судлаачид болон тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 9 байгууллагаас санал авч, “Аймаг, нийслэлийн хамгаалалтын зэрэглэлд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д орсон дурсгалаас нэр дэвшүүлжээ.

 

Зэрэглэл ахиулсан дурсгалд Архангай аймгийн Батцэнгэл сумын Шивэртийн амны цогцолбор дурсгал багтжээ.



Дээрх дурсгалуудыг улсын хамгаалалтад авснаар тухайн дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хадгалж хамгаалах ажлыг төлөвлөж хэрэгжүүлэх, дурсгалын үнэ цэн, ач холбогдлыг дээшлүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой ажээ.


ШИВЭРТИЙН АМНЫ ЦОГЦОЛБОР ДУРСГАЛ

Энэхүү дурсгалт газарт 1976, 1978 онд Монгол, Зөвлөлтийн Түүх, соёлын хамтарсан экспедицийн хүрэл, төмрийн түрүү үе судлах ангийн В.В.Волков, Д.Цэвээндорж нарын судлаачид анхны малтлага судалгааны ажлыг эхлүүлсэн байна.

Хээрийн шинжилгээний ангийнхан тус дурсгалт газарт гурван том, гурван жижиг дөрвөлжин булш малтаж, зарим газарт сорилтын малтлага явуулж, нийт 31 буган чулуун хөшөөг нээн илрүүлж, эрдэм шинжилгээний тодорхойлолт үйлдсэн байдаг. Үүнээс хойш дорвитой судалгааны ажлыг хийгээгүй бөгөөд 2010 онд археологич Т.Идэрхангай Батцэнгэл сумын ЗДТГ-ын дэмжлэгээр сумын нийт бүс нутагт археологийн нэгдсэн бүртгэл судалгааг гүйцэтгэхдээ тус дурсгалт газарт ирж, баримтжуулалтын ажлыг гүйцэтгэжээ.

Харин 2018 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн судалгааны секторын эрхлэгч Ц.Төрбат нарын судлаачид Монгол ба Бүс нутгийн буган хөшөөний соёл хэмээх 2 боть каталогийг хэвлүүлсэн бөгөөд энэхүү зурагт номд Шивэртийн амны 20 буган хөшөөг гэрэл зургийн хамт оруулсан байна. Түүнчлэн археологич Т.Идэрхангай шавь Д.Цэнд, Х.Уянга, Б.Баянсан нарын хамт 2010 онд судалж амжаагүй үлдээсэн дурсгалын бүртгэл судалгаагаа үргэлжлүүлэхдээ Шивэртийн амны дурсгалт газарт дахин ирж дөрвөлжин булш, хиргисүүр, буган хөшөөний цогцолборуудын тоо баримтыг нэг бүрчлэн тоолж гаргасан байна.


Шивэртийн амны цогцолбор дурсгал нь Архангай аймгийн Батцэнгэл сумын төвөөс баруун тийш 45 км-т, Хоршооллын төв болон “Тамир” зуслангаас зүүн хойш 7 км-т, “Хасу” ХХК-ийн тариалангийн талбайн дотор хойд захад хагалаагүй үлдээсэн хэсэгт оршино.

Тус газарт бүртгэл судалгааны ажлыг явуулахдаа дурсгалын хойд талаас эхлэн хоорондоо зайтай байгаа дурсгалуудыг Шивэртийн ам 1-7 хэмээн 7 бүлэгт хувааж гүйцэтгэсэн байна. Ингэхдээ хамгийн хойд талд байгаа 6 буган хөшөөтэй, 3 дөрвөлжин булшийг Шивэртийн ам-1 хэмээн бүртгэжээ. Мөн энд хамгийн анх судалгааны ажлыг гүйцэтгэсэн В.В.Волков нийт 31 буган хөшөө байна хэмээн тэмдэглэж, өөрийн 1981, 2005 онд хэвлүүлсэн буган хөшөөний номдоо оруулсан байдаг бол одоо энэ дурсгалт газарт хүний нүдэнд харагдах 20 буган хөшөө байх бөгөөд 11 буган хөшөө нь газрын хөрсөнд дөрвөлжин булшны хашлагад булаастай байдгийг аймгийн Соёл, урлагийн газар болон Батцэнгэл сумын Соёлын төвөөс авсан мэдээлэлд дурджээ.



/Шивэртийн амны цогцолбор/

Холбоотой мэдээ