АРХАНГАЙ: Бугатын дурсгалын хосгүй үнэт үзмэр аймгийн музейд хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-03-04 11:14:25

Эрдэнэбулган, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Архангай аймагт Бугатын дурсгал-Чонон хөшөөний бичээс бий. Түүнийг археологич Ц.Доржсүрэн 1956 онд Ихтамир сумын Бугат багийн нутаг Хаалгатын ам гэдэг газраас олж байжээ.


Ихтамир сумын нутаг Хойд Тамирын голын зүүн цутгал Баянцагаан голын баруун хөвөөнөө энэхүү дурсгал анх байрлаж байв.


Уг гэрэлт хөшөө нь анх 7.5х7.5 метр хэмжээтэйгээр дөрвөлжлөн хийсэн овоолго чулуу, хүрээлсэн далан, шуудууны оромтой, мөн төв хэсэгтээ шүтээний сүм байсны ором болох дээврийн ваар, модон баганын үлдэгдэлтэй. Харин тоосгоны хагархай цөөтэй юм. Хэрмийн далангийн хэмжээ 59х30 метр, шуудуу нь далангийн дотор талаар байсан ба 4.5 метр өргөнтэй, 2 метр гүн байжээ. Зэл чулуу нь 300 метр урт, ихэнх нь босоо байрлалтай байжээ.


Чонон хөшөөний өндөр нь сууриас дээш 198 см, өргөн нь 73 см, зузаан нь 20 см. Суурь яст мэлхийний урт 122 см, өргөн нь 93 см, өндөр нь 47 см юм.  


Аймгийн музейд 1957 онд авчирсан бөгөөд 2013 онд Монгол Улсын 227 дугаар тушаалаар үзмэрийн ангиллын хосгүй үнэт үзмэрт оржээ. Тэр ч бүү хэл дэлхийд цор ганц үзмэр гэгддэг ажээ.


Хөшөөний оройн хэсэгт хүүхэд хөхүүлж буй чоныг дүрсэлжээ. Хөшөөний баруун, зүүн, нүүрэн талд Согод үсгээр Төв азид төр улсаа байгуулж байсан Түрэг улсын Нивар /527 он/, Буман /552 он/, Мухан /553-572 он/, Таспар /572-581 он/ зэрэг хаадын нэр, түүхэн үйл явдлыг тэмдэглэн бичсэн байдаг.


Энэхүү хөшөө нь МЭ 582 онд бүтээгдсэн Монгол нутаг дахь нүүдэлчин Түрэг овог аймгийн уг гарвалыг илэрхийлсэн цор ганц биет дурсгал юм.


Чонон хөшөө нь Архангай аймгийн төвийн музейн гол танхимын урд гадаа байрладаг ба өнгөрсөн зун нар, салхинаас хамгаалах зорилгоор саравч барьж, хамгаалалтад авсан байна.

Холбоотой мэдээ