В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-18 11:47:53

БЭЭЖИН, 2023 оны аравдугаар сарын 18 /kommersant/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй БНХАУ-д уулзлаа.


Уулзалтын үеэр Оросын удирдагч Монголын нутгаар дайруулан Хятад руу тавих "Сибирийн хүч-2" хийн хоолойн бүтээн байгуулалт "хурдан хэмнэлээр явагдана" гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. "Манай хоёр улсын хооронд олон чухал ач холбогдолтой төслүүд бий. Үүний нэг нь Монголын нутгаар дайруулан Хятад улс руу байгалийн хий нийлүүлэх хоолойн төсөл юм. Энэхүү төсөл дээр бүх тал санал нэгдсэн. Одоо зөвхөн хэрэгжүүлэх л үлдээд байна" гэж тэрбээр хэллээ.


В.Путин мөн өнгөрсөн онд хоёр улсын худалдааны эргэлт "нэлээд их" буюу 40 хувиар өссөн боловч энэ онд бага зэрэг буурсныг дурдаад “хоёр талд ярилцаж хэлэлцэх асуудлууд бий. Засгийн газар хоорондын комисс үүнд зохих ёсоор анхаарах ёстой” хэмээн хэлэв.


ОХУ-ын Ерөнхийлөгч “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны гурав дахь удаагийн дээд түвшний чуулга уулзалтад оролцохоор Бээжин хотноо мягмар гарагт буюу аравдугаар сарын 17-ны өдөр хүрэлцэн ирсэн юм.


Тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Вьетнамын Ерөнхийлөгч Во Ван Тхуонг, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан, Тайландын Ерөнхий сайд Сеттха Тхависин нартай уулзжээ.  

Холбоотой мэдээ